Хавдарын голомт руу...

img

Нам гэж юу вэ гэж иргэд одоо гайхаж эхэлж байна. Эх орон нийтийн ашиг сонирхолд чиглээгүй эрх мэдлийн төлөө бүлэглэл болчихжээ гэдгийг одоогийн хоёр намын ээрэгдэж байгаа хямрал зөрчил нь харуулж буй.

 

 

Ямар ч намын улс төрийн сонирхлын нэгдэл ба үйл ажиллагааны эцсийн зорилго нь төр барих. Улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө төрийн бодлого болгох. Энэ ариун зорилгын цаана хувь улстөрчийн амбиц мэдээж байх юм. Хөгжсөн орнуудад улс төрийн намууд дотоод ардчиллаа туйлын хангаж байж гадагшаа зөв бодлого явуулж сонгогчдын саналыг авч чаддаг. Бүгд адилхан ихэнхдээ популист хандлагыг илүү шүтдэг хэдий ч дэргэдээ эдийн засаг хөгжлийн бодлогын хүчирхэг багыг бүрдүүлж, улс орныхоо хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон мөрийн хөтөлбөр үзэл баримтлалыг бий болгодог.

 

Ардчиллаар овоглосон 25 жилийн замналыг харахад манай улс төрийн намуудын эрх зүйн орчин огт дээшилсэнгүй. Хамгийн бүрхэг, ерөнхий бэлгэ тэмдгийн чанартай хууль бол Улс төрийн намуудын тухай хууль.  Санхүүжилт нь маш нууцлагдмал. Мэдээлэл нь ил тод биш. Нам тус буртээ 5-6 тэрбум төгрөг зарцуулдаг сонгуулийн санхүүгийн тайлан, мөнгө босгосон эх үүсвэрийн тайлан мэдээлэл нь хаалттай байсаар. Сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар зарцуулсан ба ил далд тараасан мөнгө хэдэн тэрбум болсныг жирийн гишүүд нь хэзээ ч тааж төсөөлшгүй. Өнгөрсөн сонгуулийн тайлан мэдээ нь ч гараагүй байна. АН-ын хөдөөг зорьсон ганц машинд тэрбум төгрөг бэлнээр ачсан давхиж явсан. 21 аймагт энэ жишгээр зарцуулсан гэж бодвол 21 тэрбум юу ч биш харагдана. Хямарсан эдийн засагтай, үндэсний үйлдвэрлэгчид баялаг бүтээгчид нь уналтад орсон, импортыг шүтэгч ийм ядуу улсын хаанаас нь энэ их мөнгө хандивлагч санхүүжүүлэгчид гарч ирээд байна.

 

Монгол Улсынхаа 21 аймгаар тойрч буй Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд зөндөө “гоё” юм байгаа гэнэ. 25 жилийн уруудлыг гардан хийсэн улс төрийн намуудын ялзрал, даргаа тойрсон мафийн тогтолцоог нураах тухай ядаж ганцхан заалт энд байна уу. Санхүүжилт нь ил тод байх. Бохир гэдэг нь нотлогдвол тухайн намыг тарааж, татан буулгах нэг мөр өгүүлбэр, хариуцлага тооцох ганц заалт шинэ төсөл дотор яагаад орохгүй байна.  Энэ бол Үндсэн хуулинд зайлшгүй орох түлхүүр өөрчлөлт. Улс төрийн намын тухай гэсэн  жижиг органик хуулиар намуудын санхүүгийн асуудлыг цэгцлэх, дүрэмгүй тоглолтыг хазаарлах боломжгүй гэдгийг цаг хугацаа харуулсан. Үүнийг эцэг хуулинд хийж өгч байж намуудыг бохир санхүүжилт босгож, түүнийгээ төсвийн алдагдлаар нөхдөг гажиг тогтолцооноос салгая гэдэг бол одоо гуйх биш, хатуу шаардах асуудал.  Гэвч энэ талаар тодорхой заалт зохицуулалт одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дээр хавчуулагдсан ч үгүй.

 

Одоогийн хэлэлцүүлэгдэж буй төслийг харахад төрийн эрх мэдлийн хувиарлалт талдаа түлхүү анхаарсан харагддаг. Энэ нь өнөөх л нам гэсэн инстүүцийн  засаглах малгайг засаж сайжруулж өгснөөс өөрөөр дэвшил байхгүй харагдана. Дахин оролдоод давхар дээлийг бүр халж зүрхэлсэнгүй. Гурав хүртэл тооны гишүүн дулаан дээл давхарлаж болохыг хуульчлахаар тусгасан байх юм. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөд зайлшгүй барих гол асуудал мөн юм болов уу даа. Шулуухан хэлэхэд чонын аманд хошуувч зүүлгэх хуулийн төслийг чононуудаар батлуулах. Тэрийг нь ард түмний санал асуулга нэрээр соёрхон дэмжих ээлжит доромжлол том хэмжээний жүжигчилсэн компанит ажлаар өрнөж байна шүү.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эхлээд төсөл санаачлагчид нухаж дуусахаар нь Их хурал хэлэлцэн эцэслээд, дараа нь ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн наад захын дараалал баримтлагдах эсэх ч эргэлзээтэй байна.

 

Одоо МАН-д юу болж байгаа талаар  бичиж хямралд нь онош тавих идэвхтнүүд зөндөө. Угтаа том намууд гараа угаасан мөнгө нь бохир болохоор л дотроосоо үнэр ороод байгаа. Энэ энгийн үнэнийг бид хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр намуудыг шалбаагнаас татаж гаргах суурийг тавих хэрэгтэй. Улс төрийн намуудын тухай энгийн зохицуулалт, органик хуулиар намуудыг санхүүгийн бохир сүлжээнээс гаргаж чадахгүй болсон. Үндсэн хууль доторх төрийн эрх барих гол инстүүц болоод буй намуудын мөнгө ямар эх үүсвэрээс бүрдэх, санжүүжилтийн шилэн байдлыг яаж хангах талаар Үндсэн хуульд тодотгон оруулах шаардлага  байна. Ганц энэ заалтын төлөө сошиал ертөнц, насанд хүрсэн  бичиг үсэгтэй бүхэн нэгдэх хэрэгтэй. Хавдарынхаа голомт руу ...

 

ПҮРЭВЖАВЫН БАЯРХҮҮ / ТОЙМЧ /

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Намаас биш монгол хуний увайгуй эвдэрсэн мораль шуналаас болж байна Гэр орондоо хуухдэээ багаас нь хун болгож хумуужуулээс эхлэнэ
2017-09-03
Болдбаатар:
Манай нутгийн ардын зохиолч Тангадын Галсан гуай ... Нам гэж үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн мафи гэж хэлж билээ. Миний хувьд ч энэ үг одоо ч үнэн мэт санагддаг
2017-08-31
kkkk:
Bayrhuu gedgiimuu bao ru hao yumuu
2017-08-29