Зүүн тийш эргэхийг хориглосон зохицуулалтыг цуцаллаа

Энхтайваны өргөн чөлөөний долоон уулзварын зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглоод байсан. 14 хоногийн хугацаанд туршсан энэ ажил төв замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгодоо хүрсэнгүй гэсэн дүгнэлтийг хотын дарга С.Батболд хийлээ. Тиймээс зүүн гар тийш эргэхийг хориглосон зохицуулалтыг цуцалж, замын хөдөлгөөнийг есдүгээр сарын нэгний өглөөний 06.00 цагт хэвийн болгох чиглэлийг өглөө.
Мөн хотын дарга замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хэд хэдэн үүрэг өглөө.
-Чингисийн болон Энхтайваны өргөн чөлөөний огтлолцол дээр бий болж байгаа түгжрэлийг арилгахын тулд замыг өргөтгөнө.
-Зүүн дөрвөн замын зүүн талын урсгалын эгнээг өргөжүүлнэ.
-Дөлгөөн нуур, III сургуулийн уулзварын эгнээний өргөтгөлийг хийнэ.
-Хүргэлт түгээлтийн машинуудын цагийн хуваарийг өөрчлөх хэрэгтэй. Дэлхийн хот хотуудад шөнийн цагаар түгээлт хийдэг. Том овортой бараа, хүнсний бүтээгдэхүүний түгээлтийг оройны 21.00 цагаас өглөөний 07.00 цагт хийх зохицуулалтыг хийх хэрэгтэй.
-Нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчид нэг өдөр машин унахгүй хэвшилтэй болмоор байна.
-Хувийн дунд сургуулиудын гадаа дандаа том хар машинууд, ихэнх нь албаны номертой. Хүүхдээ сургуульд нь албаны машинаар хүргэж өгдгийг зогсоох хэрэгтэй. Нэг хүүхдийг жил тээвэрлэхдээ 7-8 сая төгрөг нэхдэг сургууль байж болохгүй. Тэр үнийг хямдруулах хэрэгтэй.
-Хотын агентлагуудыг дэд төвүүд, захын дүүрэг рүү шилжүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Хотын захиргааны байгууллагууд бүгд Бага тойрууд байж болохгүй. Нийгмийн даатгалын байгууллага Багануур, Налайхад байж болно.
- Их дээд сургуулиудыг Улаанбаатараас гаргах хэрэгтэй. 8.15-9.15-нд болдог энэ түгжрэл их дээд сургуультай холбоотой. Цаашид Улаанбаатар хотод шинээр хувийн дээд сургууль байгуулахгүй. 180 их сургууль хангалттай. Дахиж нэг ч их, дээд сургуульд газар олгохгүй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ