Олимпийн аваргаас бодлого тодорхойлогч

img

 

Гурван удаагийн Олимпийн аварга дугуйч Кристин Армстронг АНУ-ын дугуйн холбоонд тэсвэрийн бэлтгэл хариуцсан албаны даргаар ажиллахаар боллоо. Энэ ажлынхаа хүрээнд тэрбээр тамирчдыг ДАШТ болон бусад томоохон тэмцээн уралдаанд бэлдэхэд бодлого тодорхойлж ажиллах юм.

 

АНУ-ын Дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Жим Миллэр дугуйч бүсгүйг энэ албанд томилж байгаагаа зарлалаа.

 

Армстронгийн хувьд өнгөрсөн жил Рио-2016 зуны Олимпийн наадамд цагтай дугуйн ангилалд аваргалсныхаа дараа зодог тайлаад байсан юм. Түүний гаргаж байсан амжилтуудыг дурьдвал дэлхийн хошой аварга, АНУ-ын 6 удаагийн аварга гэх мэтээр хөвөрнө.

 

Өөрийнхөө шинэ ажлын хүрээнд тэрбээр тамирчдын гүйцэтгэл хөгжүүлэлт, анхаарал төвлөрүүлэлт, тэмцээний бэлтгэл төлөвлөлт зэрэг дээр гол анхаарлаа хандуулан ажиллах юм.

 

“Дугуйн спорт надад одоо байгаа бүхнийг өгсөн. Тиймээс би эх спортдоо өөрийн чадах зүйлээр хариу барихыг хүссэн юм. Надтай холбоотой амжилтууд ганцхан миний хөдөлмөр байгаагүй. Ер нь ганцаараа амжилтанд хүрдэг нэг ч тамирчин байхгүй шүү дээ. АНУ-ын Дугуйн Холбоо намайг энэ ажилд тохоон томилсонд маш их баяртай байна. Халуун дулаан уур амьсгалтай энэ хамт олны ажилд чаддаг мэддэг бүхнээрээ туслах болно. Миний хамгийн гол зорилго бол тамирчдыг өөрийнхөө зорилгыг бүрэн гүйцэт биелүүлэхэд нь туслах юм” гэж шинэхэн ажлынхаа талаар Кристин Армстронг сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурджээ.

 

Б.Энх-Амгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ