Евразийн эртний төмөрлөг судлаачид Монголд чуулж байна

img

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Их Британий Оксфордын их сургуулийн Археологийн сургуулийн хамтарсан“FLAME-МОНГОЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна. Хуралд Монголын судлаачдаас гадна Их Британи, ОХУ, БНХАУ, Германы судлаачдид оролцож байна.

 

Хурлыг нээж ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар үг хэлсэн юм.

 

 

ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид хэлсэн үгэндээ, “Нүүдлийн соёл иргэншлийн үндсэн голомтын нэг болох Монгол орон, түүний баялаг түүх соёл олон орны судлаач эрдэмтдийн анхаарлыг соронзон мэт татсаар зуугаас илүү жил өнгөрчээ. ШУА ч монголын эртний түүх соёл, археологийн судалгааг тэргүүлэх чиглэл хэмээн үзэж анхаарлын төвдөө байлгасаар ирсэн билээ. Монголын археологичдын сүүлийн жилүүдэд хийсэн олон нээлтүүд нүүдлийн соёл иргэншлийг ойлгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Ийнхүү Евразийн археологи, эртний төмөрлөгийн тэргүүлэх мэргэжилтнүүдтэй хамтран ном хаялцаж, харилцан туршлага солилцож, мэдээлллээ хуваалцахын зэрэгцээ Монголын археологийн сүүлийн үеийн ололтуудыг танилцуулах энэхүү хурал нь манай судлаачдын хувьд олзуурхууштай тохиол болов уу. Цаашид  ч Оксфордын их сургуулийн Археологийн сургууль, Монголын археологичдын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдэгт илтгэлтэй байна” хэмээв.

 

 

Оксфордын их сургуулийн Археологийн сургуулиас хэрэгжүүлж буй “FLAME–Евразийн эртний төмөрлөгийн судалгаа” төслийн хүрээнд цуврал эрдэм шинжилгээний хурлыг төслийн түнш байгууллагуудад буюу Оксфорд, Москва, Улаанбаатар, Бээжин хотод зохион байгуулж байгаа юм байна. Тус төслийн гадаад түншийн нэгээр ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбар ажиллаж байна. Уг төслийн зорилго нь Евразийн хэмжээнд, түүний дотор тал нутгийн хүрэл зэвсгийн үйлдвэрлэлийн гарал үүсэл, түүхэн хөгжил, эртний хүрлийн үйлдвэрлэлийн технологи ба судалгааны арга зүйг боловсронгуй болгох, газар зүй мэдээллийн системд тулгуурлаж Евразийг бүхэлд нь хамарсан нэгдсэн мэдээллийн сан бүтээхэд чиглэж байгаа ажээ.   

 

Улаанбаатарт болж буй энэ удаагийн хуралд Евразийн хүрлийн үеийн үйлдвэрлэлийн асуудлуудыг хөндөж байгаа бөгөөд Монголын ба хөрш зэргэлдээх бүс нутгийн хүрлийн үеийн Археологийн соёлуудын судалгааны өнөөгийн байдал, шинэлэг мэдээллийг агуулсан найман илтгэлийг хэлэлцэх юм.

 

Р.Ренчиндулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ