Ц.Монгол: Үндсэн хуулийн өөрчлөлтийг АНУ-аас хуулбарласан нь зөрчил

img

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь хууль бус талаар хуульч Ц.Монгол, Н.Чадраабал нар хэвлэлийн хурал хийлээ.

 

 

Энэ үеэр Ц.Монгол хэлэхдээ “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулж байгаа нь анхнаасаа Үндсэн хуулийг зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуульд энэ хуульд заасан арга хэлбэрээр нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл Үндсэн хууль зөрчих замаар “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хууль батлан, улмаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цөөн асуудлыг хэсэг бүлэг этгээд урьдаас бэлтгэн, түүнийгээ иргэдээр хэлэлцүүлж байна.  Тиймээс бид энэ хуулийг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байна. Цэцэд хандахдаа Ард нийтийн санал асуулгын тухай хууль байсаар байхад “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хууль баталсан нь “Үндсэн хууль өөрчлөхтэй холбоотой зүйл, заалт”-ыг зөрчиж байгааг мэдээлэлсэн. Хуулийн гуравдугаар зүйлд зөвлөлдөх санал асуулга гэх нэр томъёог тайлбарлахдаа “... тохиолдлын зарчмаар түүвэрлэн сонгосон иргэдээс тусгайлан бэлтгэсэн асуудлаар санал авах замаар иргэдийг төрийн үйл хэрэгт оролцуулах цогц үйл ажиллагаа” гэж тайлбарласан байна. Энэ нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийг зөрчиж байгаа юм.

 

Бас “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийн зорилт, зохицуулалт нь гуравхан сая хүн  ам, нэг соёл иргэншил, нэгдмэл улсад зохимжгүй. Энэ хуулийг манайхаас өөр нэгдмэл соёл иргэншилтэй АНУ-аас шууд хуулбарлаж байна. Ингэхдээ Монгол Улсын эрх зүйн зүрх болсон Үндсэн хуульд халдах зэвсэг болгож байна. Эхлээд саналыг нь бэлдчихээд саналыг нь хураадаг ийм тогтолцоо байж болохгүй. Ер нь одоогийн энэ өрөөсгөл, бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрхийг хасах замаар бүхнийг нэг намын даргын мэдэлд төвлөрүүлэх зорилгоор Үндсэн хуульд оруулах гэж байгаа хууль бус өөрчлөлттэй холбоотой асуудалд орон нийт шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа өөрчлөлт оруулах хууль, журам, ард түмний саналыг харгалзах ёстой” гэв.

 

1999 онд буюу Эвслийн Засгийн газрын үед Үндсэн хуульд долоон өөрчлөлт оруулж байжээ. Энэ өөрчлөлтийг дордохын долоон өөрчлөлт гэдэг бөгөөд өнөөг хүртэл асуудал дагуулж байдаг талаар хуульч Н.Чадраабал онцолж байлаа. 

 

Р.Ренчиндулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

700 хуультай улсад үндсэн хууль хэрэггүй
2018-03-19
7:
7 uurchlultiig 2000 ond oruulsan shuu
2017-09-04