Д.Эрдэнэбат: МАН дотоод зөрчлөө төрийн танхимд оруулж ирлээ

МАН-ын бүлэг эл асуудлаар завсарлага авснаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг ямар байр суурьтай байгааг бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тордрууллаа.
-МАН-ын бүлгийн завсарлагыг та хэрхэн харж байна вэ? Зүй ёсны завсарлага мөн үү?
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдөр бол энэ асуудлыг Үндсэн хуулийн дагуу хэлэлцэн шийдэх эцсийн өдөр. Өнөөдөр чуулганы хуралдаанаар Засгийн газрын асуудлыг шийдэх ёстой гэж бид харж байсан. Харамсалтай нь олонхын бүлэг өөрийнхөө намын дотоод зөрчлийг төрийн танхимд оруулж ирсэнд бид харамсаж байна. Энэ хуралдаан цаашдаа яаж явах нь ойлгомжгүй байна.
-Засгийн газрыг огцруулах асуудалд танай бүлэг оролцоотой байгаа юу?
МАН-ын бүлгийн даргын олонхын бүлгийн нэг хэсэг нь АН-тай хамтарч Засгийн газрыг унагах гэж байна гэсэн мэдэгдэл нь туйлын хариуцлагагүй үг. Үнэмлэхүй олонхын бүлэг Засгийн газраа хэрхэх нь тэдний асуудал. Энэ сөрөг хүчинд ямар ч хамаагүй. АН өөрийн улс төрийн байр сууриа илэрхийлсэн. Засгийн газраа авч үлдэх эсэх нь МАН-ын дотоод асуудал.
-Ерөнхий сайдын хүсэлт зөв үү?
Тусгай хяналтын дэд хороогоор хоёр хүний маргааныг хэлэлцэх гэж оруулж ирж байгаа нь хууль бус. Ээлжит бус чуулган зөвхөн хэлэлцэх асуудлаа ярьдаг. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад, шийдвэрээ гаргасан. Үүнийг зөвхөн УИХ-ын нэгдсэн чуулган л хэлэлцэх учиртай. Засгийн газрын асуудал бол тусгай хяналтын болон бусад хороонд үл хамаарах зүйл. Үндсэн хуулинд заасан 15 хоногийн хугацаанд ээлжит бус чуулган Засгийн газрын асуудлыг шийдэж чадахгүй хугацаа хэтэрвэл УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчинө.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ