УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг хэлэлцэх ёстой ч МАН-ын бүлэг завсарлага авснаар хойшиллоо. Холбогдох хууль тогтоомжоор огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа тулсан. Харин МАН-ын бүлэг завсарлага авсан нь хууль зөрчсөн гэж гишүүд үзэж байна. МАН-ын бүлгийн завсарлагын талаар гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Завсарлага авсан нь хууль зөрчлөө. 15 хоногийн хугацаанд асуудлыг шийдсэн байх ёстой. Бидний тавьсан Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлд Эрдэнэбат, Хүрэлсүх нарын асуудал байхгүй. Энэ асуудлыг тусдаа шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Аливаа ээлжит бус чуулганыг тодорхой асуудал хэлэлцэх гэж зарладаг. Энэ удаагийн чуулган бол Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлэлцэнэ. Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэл дотор тагнах чагнах асуудал байхгүй. Тиймээс энэ чуулганаар эл асуудлыг хэлэлцэнэ гэж завсарлага авсан нь буруу. МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авахгүй гэж шийдсэн байгаа. Үндсэн хуулинд зааснаар энэ асуудлыг 15 хоногийн хугацаанд шийдэх ёстой. Дэгийн хуульд заасан 14 хоногийн хугацаа өнөөдөр дуусч байна. Өнөөдрөөс хойш чуулганы үйл ажиллагааг тасалдуулбал хууль зөрчсөн асуудал үүснэ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: УИХ-ын чуулганы үйл ажиллагаа Үндсэн хуулийг зөрчиж байна. Дэгийн тухай хуульд Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал дүгнэлт гаргасны дараа долоо хоногийн дотор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдэх ёстой. Долоо хоногийн хугацаа өнөөдөр дуусгавар болно. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Үүнийгээ санал хураалтаар МАН-ын бүлэг дээр шийдэж, олонхийн саналаар завсарлага авахгүй гэдэг шийдэлд хүрсэн байгаа. Зөвхөн энэ асуудлаар чуулган хуралдаж, өнөөдөртөө багтаж шийдэх ёстой. Өмнөх парламентын үед энэ хугацаанд багтаж шийдэж байгаагүй гэсэн хариулт өгч байна. Бусдын алдааг давтах шаардлагагүй. Дэгийн тухай хуулийг барьж, өнөөдөртөө багтаж энэ асуудлыг хэлэлцэн шийдэх ёстой. УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсч байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа бүлгийн шийдвэрээ зөрчсөн асуудал явж байна.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Өнөөдөр чуулганы хуралдаанаар Засгийн газрын асуудлыг шийдэх ёстой гэж бид харж байсан. Харамсалтай нь олонхын бүлэг өөрийнхөө намын дотоод зөрчлийг төрийн танхимд оруулж ирсэнд бид харамсаж байна. Энэ хуралдаан цаашдаа яаж явах нь ойлгомжгүй байна. Тусгай хяналтын дэд хороогоор хоёр хүний маргааныг хэлэлцэх гэж оруулж ирж байгаа нь хууль бус. Ээлжит бус чуулган зөвхөн хэлэлцэх асуудлаа ярьдаг. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад, шийдвэрээ гаргасан. Үүнийг зөвхөн УИХ-ын нэгдсэн чуулган л хэлэлцэх учиртай. Засгийн газрын асуудал бол тусгай хяналтын болон бусад хороонд үл хамаарах зүйл. Үндсэн хуулинд заасан 15 хоногийн хугацаанд ээлжит бус чуулган Засгийн газрын асуудлыг шийдэж чадахгүй хугацаа хэтэрвэл УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчинө.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Бид бүлэг дотроо ойлголцох чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр завсарлага авна гэдгийг өчигдөр бүлгийн хуралдаанаар шийдсэн. Засгийн газрыг огцруулах үндсэн гурван шалтгаан бодит уу гэдгийг санал гаргасан гишүүд тайлбарлах байх. Засгийн газрыг огцруулах асуудал Ерөнхий сайд, Шадар сайд хоёрын хоорондын асуудлаас үүссэн шүү дээ. Тиймээс энэ асуудлыг нэг талд нь гаргах ёстой гэсэн байр суурийг хатуу барина. Цаашдаа тагнасан, чагнасан гэх асуудлыг шийдэхгүй бол улстөрчид хэн нь юу хийгээд байгаагаа ойлгохгүй байна. Бид ямар нэг хууль зөрчөөгүй. Хуулийн хугацаанд амжуулж таарна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Угаасаа бүлгийн дүрэм зөрчсөн. УИХ бол өөрөө хууль тогтоох дээд байгууллага. Хуулиа маш сайн дагаж мөрдөж байх ёстой. Өнөөдрийн байдлаар хоёр ч хуулийн заалт зөрчлөө. Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд тагнах чагнах асуудал байхгүй. Хуулийн хугацаанд асуудал шийдэгдэх байх гэж харж байна.
В.Бат