УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өглөө 10 цагт эхлэх байсан ч хойшлогдож, 15.00 цагт хуралдахаар товлогдсон. Товлосон хугацаанаас нэг цаг гаруйн дараа эхэллээ.
Чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН-ын бүлгийн завсарлага дууссаныг мэдэгдлээ. Дараагаар нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг нээсэн. Гэтэл МАН-ын бүлэг завсарлага авсан. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд Ерөнхий сайд, Шадар сайд нарын хоорондын асуудал байгаагүй. Удирдлага, зохион байгуулалтаар кабинетаа хангаж чадаагүй гэдэг асуудал байсан. Гэтэл Засгийн газрыг огцруулах үндэслэлийн талаар тайлбар хийлгээгүй, завсарлага өгсөн. Чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудалд гишүүд асуулт асууж, горимын санал хэлэх эрхтэй. Дэгийн хуулиар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх процессийг нарийн тусгаж өгсөн. Хуулийн байгууллагын үйл ажиллагаа тусдаа хууль журмаараа яваг ээ Тусгай хяналтын дэд хорооны мэдээллийг сонсохгүй шууд хэлэлцэх асуудалдаа оръё" гэсэн горимын санал гаргалаа. Үүнд УИХ-ын дарга М.Энхболд:
-УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахаар завсарлага хүссэн. Энэ дагуу завсарлага өгсөн. Тусгай хяналтын дэд хороо Засгийн газрыг огцруулахтай холбоотой Ерөнхий сайд, Шадар сайд нарын асуудлыг хэлэлцсэн. Одоо Тусгай хяналтын дэд хорооны дүгнэлтийг сонсъё. Дэд хорооны дарга С.Батболд гишүүн мэдээлье гэж байгаа хэмээлээ.
Ийнхүү чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.
Н.Нягт
Уншиж байна |