С.Жавхлан: Бурхан шиг гаргаж ирсэн хүмүүсээ буг болголоо

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Би энэ Засгийн газрыг улс орныг хэцүү байдлаас гаргаж чадахгүй гэж бодож байгаа учраас огцруулах саналтай байна. Энэ Засгийн газар байсан, байгаагүй ялгаагүй. Уг нь өнөөдөр багш нарын цалин нэмэх, үер усны асуудлаар ээлжит бус хурал зарлахгүй яасан юм. Нийгэмд тулгарч байгаа том асуудлууд олон байна. Төрийн албан хаагчийн тухай асуудлыг хэлэлцүүлээч.
Хэдхэн сарын өмнө бурхан шиг гаргаж ирж байсан хүмүүсээ өнөөдөр буг шиг болгож байна. Дараагийн хүмүүс ч бурхан шиг гарч ирээд буг шиг болно. Ямар ч хариуцлага хүлээхгүй алга болдог. Үүний цаана Монгол хохирдог. Энэ Засгийн газар чадамжгүй байсан. Гарт баригдаж, нүдэнд харагдах тогтоол шийдвэрийг гаргаагүй.
Би дараагийн томилгоог маш анхааралтай харна. Эх оронч залуусаа гаргаж ирээч. Хэрүүлээ үргэлжлүүлээд Засгийн газрын танхимаа хоосон байлгаад байвал та бүхний 90 жилийн түүхтэй ярина шүү. Жавхлан ганцаараа биш шүү. Оффшор данстай, Монголоо боддоггүй муу сэтгэлтэй хүмүүсийг гаргаж ирвэл би хоолойгоо тасартал орилно шүү. 10 хоногийн дотор дараагийн томилгоог хийхийг шаардаж байна. Ерөнхийлөгчийг энэ томилгоонд хамтарч ажиллаач сэтгэл саналыг хүргүүлэх болно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ