ОУ-ын шинжээчид монголчуудын эрүүл мэндийг үнэлэхээр ирлээ

Олон улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг(ОУНЭМХН)-ийн хөндлөнгийн үнэлгээний багийнхан Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв(НЭМҮТ)-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлэлт хийхээр өчигдөр ирлээ.
Үнэлгээний багийнхан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Төмөртогоо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Цогтбаатар нартай уулзаж Монголын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдлын талаар өчигдөр ярилцав. Харин өнөөдөр НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, таван өдрийн турш шаталсан үнэлгээ хийх юм.
Багийн бүрэлдэхүүнд нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, АУ-ны доктор Жон Клоуд Дезэнклос, нийгэмлэгийн штабын дарга Мили Спархич, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн ерөнхийлөгч асан, АУ-ны доктор Жеффри Коплан, Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн ерөнхий захирал асан, АУ-ны доктор Ванг Юү, Японы Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, ШУ-ны доктор Мари Асами, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Хяналт үнэлгээний мэргэжилтэн Хэнри Ванди, мэргэжилтэн Эзра Барзилей ажиллаж байна.
Сонирхуулахад, өнгөрсөн жил тус нийгэмлэгийн хурлаар Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээ байгууллагыг байгуулж, Тэргүүн ерөнхийлөгчөөр БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн дарга Янг, дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын НЭМХ-гийн захирал, доктор Б.Цогтбаатарыг сонгожээ.
Олон улсын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг хэмээх 80 гаруй орны 100 гаруй байгууллагын гишүүнчлэлтэй уг байгууллага Азид сүлжээ байгууллагаа байгуулсанаас хойш анх удаа Монголын НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, хөндлөнгийн үнэлгээ зөвлөмж өгөхөөр ирээд байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ