Кавасакийн өвчний талаар сургалт болно

img

Кавасакий өвчний шинэ тохиолдол ОХУ-д 100 мянагн хүн амд 18.2, Хятадад 30.2 гарч байна. Харин манай улсын хувьд хувьд өнөөг хүртэл уг өвчний талаар мэдээлэл байхгүй, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийгдээгүй байдаг. Үүнээс улбаалан хэрэв энэ төрлийн өвчин илэрбэл буруу оношлох, өвчин хүндрэх, нас баралтанд хүргэх зэрэг асуудал тулгамдаж байгаа. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх гарц хайх үүднээс есдүгээр сарын 13-ны 9.00 цагт АШУҮИС-д “Кавасакийн өвчний оношилгоо, эмчилгээ, тархвар судлалын сургалт судалгаа” сэдэвт гурав дахь удаагийн сургалт болно. 

 

Кавасакийн өвчнийг 1967 онд Японы хүүхдийн эмч, эрдэмтэн Томисаку Кавасаки илрүүлсэн бөгөөд эдүгээ дэлхий даяар уг өвчний шинэ тохиолдлууд бүртгэгдэх болжээ. Кавасакийн өвчин нь зүрхний титэм судсыг гэмтээх аюултай ба өндөр хөгжилтэй орнуудын хүүхдийн зүрх судасны олдмол гажгийн тэргүүлэх шалтгаан болоод байна.


Мөн өндөр халуурах, уруул ба амны хөндийн салст улайх, янз бүрийн хэлбэр бүхий тууралт гарах, тунгалагийн булчирхай томрох шинжүүдээр илэрдэг аж. Эрт үед нь оношилж, тохирсон эмчилгээ хийгээгүйн улмаас өвчлөгсдийн 20-25 хувь нь зүрхний титэм судасны цүлхэн, өргөсөлөөр хүндэрч, улмаар зүрхний шигдээс, цус тасалдал өвчнөөр нас барахад хүрдэг юм байна.
Харин уг өвчнөөр өвчилсөн хүний 85 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байдаг ба өвөл, хаврын цагт өвчлөл оргил үедээ хүрдэг ажээ. Түүнчлэн уг өвчин Америк, Европ, Ази тивийн 60 гаруй оронд бүртгэгдэж, 10 гаруй оронд энэ өвчний дэгдэлт таржээ.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ