Ш.Батдэлгэр: Худгийн ус нянгийн бохирдолтой байна

img

Улаанбаатар хотын хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэнг судалгаа харуулдаг. Хөрсний бохирдол бидний өдөр тутмын хэрэглээ болох усанд хэрхэн нөлөөлж байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан,  доктор Ш.Батдэлгэрээс тодрууллаа.

 

-Танай байгууллага 2016 оны зун нийслэлийн хөрсний бохирдлыг судалсан байдаг. Судалгаагаар хөрсний бохирдол ундны усанд хэрхэн нөлөөлж байна вэ?

 

-Өнгөрсөн оны зургадугаар сараас есдүгээр сард бид Улаанбаатар хотын есөн дүүрэгт хөрсний бохирдлын түвшин тогтоох судалгаа хийсэн. Судалгаагаар Улаанбаатарын хөрс нянгийн бохирдлын үзүүлэлтээр III зэргийн бохирдолтой байсан. Хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.4-2.8 дахин их байсан. Хөрсний дээж авсан талбайн ойролцоо байгаа худгаас ус авсан айлаас усны дээж авч  шинжлэхэд тухайн усанд агуулагдах нянгийн тоо нь ундны усны стандартад заасан хэмжээнээс их байсан. Ундны усанд эмгэг төрөгч нян илрэхгүй байхаар заасан байдаг боловч бидний хийсэн судалгаагаар зарим усны дээжинд нян илэрсэн. Хөрсний нянгийн бохирдол болон тухайн дээж авсан газрын ойролцоох эзэмшлийн худгийн усны нянгийн бохирдлын  хоорондын хамаарлыг судлахад хөрсний бохирдол нь худгийн усны нянгийн бохирдолтой хамааралтай байсан. Өөрөөр хэлбэл, худгийн ус нянгийн бохирдолтой байсан. Заасан үзүүлэлтээс 1.1 дахин их байна.       

 

-Хөрсний бохидол мөн ундны усны бохирдлоос болж ямар өвчин үүсдэг вэ. Ийм төрлийн бохирдлоос үүдэн өвчилсөн хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ?

 

-Усны бохирдлоос шалтгаалан дараах өвчин тусах эрсдэл их байдаг. Үүнд гэдэсний суулгалт өвчин, халдварт шар, урвах тахал, цусан суулга, хижиг буюу балнад гэх мэт. Улаанбаатар хотын хүн амын дунд 2015 онд гэдэсний халдварт өвчлөлийн 4023 тохиолдол бүртгэгдсэн. Харин бохирдсон хөрсөөр дамжин халдварлах өвчин гэвэл дээр дурьдсан гэдэсний халдварт өвчнөөс гадна малаас хүнд халдварлах өвчнүүд байдаг. Жишээ нь, боом, бруцеллёз. Мөн бохирдсон хөрсний мэрэгч амьтнаас хүнд халдварладаг өвчин гэвэл тарваган тахал, галзуу өвчин байж болно.    

 

-Хөрсийг хамгийн их бохирдуулж буй зүйл юу байна вэ?

 

-Ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал, задгай, мал амьтны сэг зэм, үнс, угаадас, цахилгаан станц болон машинаас ялгарах хорт утаа, тортог, тосолгооны материал зэрэг нь хөрсийг бохирдуулж байна.   

 

-Хөрсний бохирдлоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

-Иргэд өөрсдийн амьдарч байгаа орчноо тогтмол цэвэрлэх, хөрс бол бидний эх гэж бодож, түүнийг хайрлах, ил задгай бие засахгүй, хог хаягдлыг гудамжинд хаяхгүй байх зөв дадлыг эзэмших хэрэгтэй. 

 

Р.Ренчиндулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zadgai oo olon baigaa boloxoor xurs us boxirdoxgvi yax ve. Xurdan arga xemjee avax xeregtei bainaa.
2017-09-14
Nam bus irgen:
100-n ailin barilgin material Uguumur Tsaiz Narantuul-aa hotoosoo holduulj nuulgehgui bol udahgui bugdeeree tsyatsga aldaad balartsgaana daa.
2017-09-14