Намын даргыг их хурлаар хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар удахгүй болох бага хурлаар хэлэлцэх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:
-МАН-ын Удирдах зөвлөлөөс бага хурлыг есдүгээр сарын 25-нд хуралдуулахаар тов зарласан. Уг бага хурлаас Ерөнхий сайдыг тодруулна. Үүний дараагаар буюу ирэх аравдугаар сарын эхээр УИХ-аар Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг байгуулж ажиллахаар зарчмын шийдэл гаргасан. Өнөөдрийн хурлаар бүлгийн гишүүд бид нэгдсэн ойлголтод хүрч чадсан гэж үзэж байна. Засгийн газрыг бүрдүүлэхэд тавигдах шалгуурын талаар бүлгийн гишүүдээс олон санал гарлаа. Бүлгийн гишүүдийн хувьд санал нийлсэн бас нэг асуудал нь урагшаа харж ажиллая, эе эвээ хичээж ажиллах нь зөв гэж үзсэн. Манай бүлгийн гишүүд Засгийн газрыг бүрдүүлэхэд ямар зарчим баримтлах, цаашид Засгий газрын гишүүдэд ямар шалгуур тавих талаар саналаа хэллээ. МАН-ын бага хурлаар Ерөнхий сайдаа тодруулна. Нийгэмд МАН хоёр хуваагдлаа, ан цав гарлаа гэх мэдээлэл цацагдсан. Манай бүлгийн гишүүд хоёр хуваагдсан зүйлгүй. Засгийн газрыг огцуулахад гишүүд хоёр талцсан, хүнд шийдвэр байсан. Засгийн газрыг огцруулна гэдэг намыг хагалж байгаа асуудал биш. Бид Засгийн газраа чадваржуулах ёстой гэдэг дээр санал нэгтэй ойлголцсон. МАН-ын бүлгээс гарах тодорхой шийдвэрт намын дүрмийн хүрээнд хэлэлцэнэ, зарчмын байр суурьтай хандана гэдэг дээр бид санал нэгдлээ хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Ерөнхий сайдад хэнийг томилохоор хэлэлцсэн бол?
- Ерөнхий сайдын асуудлыг Бага хурлаар шийднэ. Бага хурлын өмнө Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ.
-МАН-ын бага хурлаар өөр ямар асуудал хэлэлцэх вэ?
-МАН-ын бага хурлаар хэлэлцэх асуудлыг эцэслэн тогтоогүй байна. Ирэх долоо хоногт Удирдах зөвлөлөөс энэ асуудлыг эцэслэнэ.
-Их хурлаа хэзээ товлох бол?
-Намын дүрэмд зааснаар их хурлыг бага хурлаас зарладаг. 45 хоногоос цаашгүй хугацаанд их хурлыг хуралдуулах дэгтэй. Тийм учраас бага хурлаас их хурлыг зарлана. Их хурлаар намын шинэ даргыг мөн удирдлагуудыг сонгоно. Бүлгийн гишүүдийн хувьд өнөөдөр Засгийн газрыг гишүүдийг гаднаас томилох уу, дотроос уу гэдгийг яриагүй. Ямар шалгуур тавих вэ гэдэг дээр саналуудаа хэлсэн. Мэргэшсэн дадлага туршлагатай, олон түмэнд нэр хүндтэй хүмүүсээр Засгийн газрыг бүрдүүлэх ёстой гэдэг талаар саналаа хэлсэн.
-Намын дарга нь Ерөнхий сайд болно гэж байсан. Энэ асуудал гишүүд санал нэгдсэн үү?
-Энэ асуудлыг бүлгээр яриагүй. Манай нам ардчилалтай, Ерөнхий сайдыг есдүгээр сарын 25-нд тодруулна. Их хурал дээр хэн ч намын даргад өрсөлдөх эрхтэй.
Одоо гарах Ерөнхий сайд заавал намын дарга байна гэдэг юмыг хэлж чадахгүй. Намын их хурлаар шийддэг учраас нээлттэй хэвээр байна.
-Засгийн газрын бүтэц ямар байх вэ?
-Энэ бол ердөө яригдаагүй асуудал.
-Ерөнхийлөгчийн зүгээс ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 18-22-ны хооронд зарлан хуралдуулах хүсэлтийг УИХ-ын даргад тавьсан. Гэтэл намрын чуулганы эхэнд Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ гэж бүлэг ярьжээ. Ерөнхийлөгчийн хүсэлтийг харгалзан үзэхгүй гэсэн үг үү?
-Бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай хүсэлтийг намын даргаас асуусан. Одоогийн байдлаар миний гар дээр энэ тухай албан бичиг ирээгүй байна гэж хариулт өгсөн.
Өвөлжилтийн бэлтгэл ажил хүндрээд байна гэдэг зүйл хааяагүй яригдах болсон. Хэдийгээр сайд нар үүрэг гүйцэтгэгчид шилжиж ажиллаж байгаа ч Засгийн газар бүрэн хэмжээндээ ажлаа хийгээд явж байгаа. Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа асуудлыг тодорхой төвшинд шийдээд явна. Засгийн газрын залгамж шинж чанар алдагдахгүй гэдэгт итгэж болно.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ