Багш нар энэ сарын 21, 26-нд ажил хаяхаа мэдэгдлээ

img

“Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо” өнөөдөр хэвлэлийн хурал зарлан энэ сарын 21, 26-нд сануулах, ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. Тус хороо нь Засгийн газарт наймдугаар сард багш нарын цалин нэмэгдүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мөн энэ сарын 11-нд тус шаардлагын хариуг энэ сарын 15-ны дотор ирүүлэхгүй бол ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдэж байсан билээ. Түр хорооны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнээс энэ талаар тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

-Засгийн газар огцорсон энэ үед ажил хаялт зарлах нь зохимжгүй биш үү?

 

-Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой. Хэдийгээр Засгийн газар огцорсон ч түр орлон гүйцэтгэгч гэж байгаа. Дараагийн Засгийн газар гартал тэд үйл ажиллагааг үргэлжлүүлдэг. Тиймээс бид Засгийн газарт хүргүүлсэн мэдэгдлийн хариу ирээгүй тул дараагийн шатандаа шилжиж байна.

 

-Дараагийн шатанд ажил хаялт зарлахаас гадна арбитрын шүүхэд хандана гэсэн үү?

 

-Бид наймдугаар сарын 30-нд 21 аймгийн 10 мянга гаруй багш нарын цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, тэдний шаардлагаар бий болсон санаачлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар бидэнд есдүгээр сарын 15-ны дортор хариу ирүүлэх байсан ч  Засгийн газраас бидэнд ямар нэгэн хариу ирүүлсэнгүй. Тиймээс бид тэмцлийн дараагийн хэлбэрт орж байна. Энэ удаад бид арбитрын шүүхэд хандана. Мөн есдүгээр сарын 21, 26-нд сануулах ажил хаялт зохион байгуулна. Засгийн газар бидний шаардлагыг хүлээн авахгүй, хариу ирүүлэхгүй байгаа тул аравдугаар сарын 10-наас хугацаагүй ажил хаялт зарлах магадлалтай байна.

 

-Багш нар бүгд ажил хаяхаар сурагчдын хичээл хоцорлоо шүү дээ. Эсвэл бүгд биш төлөөлөл ажил хаях юм уу?

 

-Нийгэмд болж байгаа үйл явдлаас шалтгаалаад орон даяар багш нар ажил хаялт зарлаж байгаа юм. Тухайн нэгж дээр ажил хаялт зарлах тухай хурал хийнэ. Тухайн нэгж тодорхой шалтгаантайгаар ажил хаялтад оролцох боломжгүй байж болно. Ийм тохиолдолд хүндэтгэх шалтгаантай гэж үзээд хичээлээ явуулалгүй зогсонго байдалтай байж болно. Эцэг, эхчүүдийг үүнийг ойлгож биднийг дэмжиж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах хүсэлтэй байгаа.

 

-Ажил хаялтад ерөнхий боловсролын сургуулийн багш нараас гадна цэцэрлэгийн багш нар оролцож байгаа гэсэн үү. Хэчнээн багш ажил хаялтад оролцож байна вэ?

 

-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн бүх багш нар ажил хаялтад оролцоно. Багш нар бүгд сайн дураараа, сургуульдаа хүсэлтээ илэрхийлсний дүнд ажил хаялт зарлана. Жагсаал болохоос гурав хоногийн өмнө багш нар сургуульдаа хүсэлтээ ирүүлэх ёстой. Багш нарын 60-аас дээш хувь нь нэгдсэн тохиолдолд жагсаал зохион байгуулах эрх нь үүсч байгаа. Бид хуулийн хүрээнд хариуцлагатай ажил хийж байгаа. Ажил хаялтад оролцох багш  нарын тоо өнөө орой тодорхой болно.

 

Р.Ренчиндулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

г:
Д.Баярсайхан 18 сая төгрөгийн цалинтай бол сайхан л байна Төрийн банкны захирлууд 8-18 сая төгрөгийн цалин авдаг тухай мэдээлэл сошиалаар нэлээн их шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, албан тушаал, чиг үүрэг нь давхацсан олон дарга нар 8-18 сая төгрөгийн цалин авч байна. Гэхдээ би 18 сая төгрөгийн цалин авдаггүй. Өмнөх захирлууд ийм цалинтай байсан юм байлгүй мэдэхгүй. Би бодитоор гар дээрээ 10 сая төгрөгийн цалин авдаг. Захирлууд маань 5 хүртэл авах ёстой. Гэхдээ цалингийн асуудал нууцлалтай гэлээ. Б.Анир
2017-09-21