Буцалтгүй тусламжаар 2440 хүүхэд шинэ сургуультай болно

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд хоёр сургууль, хоёр сургуулийн өргөтгөл барихаар болжээ. Энэ төслийг хэрэгжүүлэх санамж бичигт нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Нансалмаа болон Японы “Жайка” олон улсын байгууллагын Судалгааны төвийн захирал хатагтай Чи Эзаки нар гарын үсэг зурсан байна.
Санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн VII хороонд 720 хүүхдийн багтаамжтай сургууль, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих юм байна. Мөн Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай өргөтгөл, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгыг барихаар тусгажээ. Ингэснээр нийт 2440 хүүхэд шинэ сургуультай болох юм.
Барилга угсралтын ажлыг 2018 оны наймдугаар сард эхэлж, 2020 оны зургаадугаар сард дуусахаар төлөвлөжээ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ