Ерөнхий сайдаар томилуулах саналыг аваад чуулганыг хуралдуулна

img

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааныг энэ сарын 15-нд хуралдуулж, дараагийн Засгийн газрыг байгуулах албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн. УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид хариуг албан бичгээр хүргүүлжээ. Тэрбээр хариу  албан бичигтээ “Танаас ирүүлсэн Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичигтэй танилцлаа. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган саяхан хуралдаж, Монгол Улсын Засгийн газрыг огцруулан, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүдэд даалгасан. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул төрийн ажил цалгардана, нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар гарна гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 2-т зааснаар Улсын Их Хуралд олонхын суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах нь Таны бүрэн эрхэд хамаарч байна. УИХ-д олонх суудал авсан МАН-ын Бага хурал 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буюу ердөө 6 хоногийн дараа товлогдсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэгдсэн. Иймд Үндсэн хуулийн дээрх заалтын хүрээнд Ерөнхий сайдаар томилуулах саналыг албан ёсоор хүлээн авсны дараагаар чуулганы нэгдсэн хуралдаан хуралдуулж, асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг Танд үүгээр уламжилж байна” хэмээжээ. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Хүрэлсүхээ өнөөдөр санал болго орой хурлаа хий энэ юу нь болохгүй болчоод байна аа аан. Чадахгүй бол тэр хүн өөрөө дуусаг
2017-09-20