П.Шүр-Эрдэнэ: Хүүхдүүдийн 69.3 хувь нь дэлгэцнээс хамааралтай

img

 

Монголын Хөтлөгчдийн холбооноос “Хүүхдээ дэлгэцээс аваръя” аяны талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр уг аяныг хэрэгжүүлэгч, зохиолч  П.Шүр-Эрдэнээс аяны талаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-“Хүүхдээ дэлгэцээс аваръя” аяны хүрээнд ямар ажил хийсэн бэ?

 

-Аяны хүрээнд хүүхдүүдийн дунд дэлгэцийн хамаарлын судалгаа явуулсан. Хичээлийн шинэ жил есдүгээр сар эхлэхэд уг судалгааг явуулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I, II, III анги болон цэцэрлэгийн ахлах бүлгийн 720 хүүхдийг хамруулсан. Судалгаанд оролцсон хүүхдүүдээс “Чөлөөт цаагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ”, “Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэхийг хүсдэг вэ” гэсэн хоёр асуулт асуусан. Хүүхдүүдийн 69.3 хувь нь чөлөөт цагаараа гэртээ зурагт үздэг, компьютер эсвэл утсаар тоглодог гэсэн хариулт өгсөн. Харин тэд чөлөөт цаагаараа өөр олон төрлийн тоглоомоор тоглох  сонирхолтой байдаг юм билээ. Манай холбоо судалгаан дээр үндэслэн хүүхдүүдийг дугуйлан секцэд хямдралтай үнээр хамруулж, сонирхлыг нь дэмжих тал дээр ажиллана. Энэ нь хүүхдүүдийг дэлгэцээс хол, анхаарлыг нь өөр зүйлд хандуулж, өөр сонирхол, хоббитой болгоход тусална.

 

-Мөн хүүхдүүдийг дэлгэцээс хол байлгах нэгэн арга нь номтой нөхөрлүүлэх. Таны хувьд “Адал явдалт Зуна” цуврал зохиол бичсэн. Зохиолд дэлгэцийн хор уршгийн талаар өгүүлэх үү?

 

-Аяны хүрээнд “Адал явдалт Зуна” хүүхдийн цуврал зохиол бичиж, анхны номоо гаргасан. Номын зорилтот бүлэг нь 4-13 насны хүүхэд. Зохиолд дэлгэцийн тоглоом маш их тоглодог хүүхдийн адал явдал гаргах юм. Тэрбээр дэлгэцийн тоглоом хэт тоглосоноосоо болж хүүхэд байхаа больж, ямар нэгэн ид шидээр тоглоомон машин болж хувирах, эсвэл тоглоом дотроо орох, гар утас болон хувирах зэрэг үйл явдал гарах юм. Ингэснээр буцаж гэртээ очихын тулд, эргэж хүүхэд болохын тулд хичээж байгаа чармайлалт гарна. Энэ хугацаанд эцэг, эх, найз нөхдөө хүндэлж хайрлах, орчлон ертөнцийг танин мэдэх зэрэг олон зүйлийг ойлгоод гэртээ ирж байгаа талаар өгүүлнэ.

 

-Номын нээлт хэзээ болох вэ?

 

-Бид аяны хүрээнд хүүхдийг номын нөхөр болгох аяныг хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд номын нээлтээ “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Намрын номын баяр” үндэсний номын 22 дахь удаагийн баяртай зэрэгцэн хийнэ. Мөн бага насны хүүхдүүд эцэг эхтэйгээ хамтдаа ном, үлгэр унших цагийг зөв боловсон өнгөрөөх зориулалт бүхий хүүхдийн номын танхимыг тохижуулах ажил хийж байгаа. “Адал явдалт Зуна” номын албан ёсны нээлтээр номоо 30 хувийн хямдралтай худалдана. Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ дэлгэцнээс холдуулах зорилго бүхий адал явдалт цуврал зохиолыг хүүхдэдээ уншуулснаар хүүхэд тань илүү олон зүйлийг танин мэдэх болно гэдгийг хэлье.

 

-Технологийн дэшилтэй хөл нийлүүлэх нь хүүхдүүдэд хөгжих боломж олгодог. Гэтэл энэ төрлийн хэрэглээ хэтрэхээрээ түүнээс илүү сөрөг нөлөөтэй. Технологийн хэрэглээг хэрхэн тохируулах вэ. Энэ талаар эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөхгүй юу?

 

-Технологийн дэвшлийг хүүхдүүд мэдэж байх ёстой. Гэхдээ хүүхдийнхээ технологийн хэрэглээнд нь хяналт тавих шаардлагатай. Өдөрт 30 минутаар 2-3 удаа компьютер, ухаалаг утсаар тоглуулж болно. Түүнээс илүү цагаар хэрэглүүлж болохгүй.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ