Нэг багш 70 хүүхэдтэй ажиллаж байна

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар өнөөдөр ажил хаяад буй. Үүнтэй холбогдуулан Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийлээ. Ерөнхий боловсролын нийт 654 сургуулийн 366 буюу 43 хувь нь, 867 цэцэрлэгийн 286 нь буюу 58 хувь нь ажил хаялтад оролцож байна. Улсын хэмжээнд ажил хаялт 60 хувьтай явагдаж буй аж. Мөн цаашид энэ тоо нэмэгдэнэ гэдгийг мэдээлэв.
"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны Удирдах зөвлөлийн гишүүн багш А.Санжмятав “Нэг багш 35 хүүхэдтэй ажилладаг байсан бол өнөөдөр 70 хүүхэд болон нэмэгдсэн. Багшийн цалин хангамжаас үүдэн багш мэргэжлийн үнэ цэнэ унаж байна. Багш нар сэтгэл ханамжтай ажиллаж чадахгүй байна. Энэ бүхнээс шалтгаалан Монголын ирээдүй боловсролыг 100 хувь эзэмшиж чадахгүй байна. Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж байна. Тиймээс төр засгийг шийдвэртэй, бодлоготой алхам хийхийг сануулж байгаа юм.
Багш нар цалинг маргааш 1.6 сая төгрөг болго гэсэн дарамтыг үүсгээгүй. Үе шаттай хэрэгжүүлж, багш нарыг ядуурлаас гаргаач гэсэн шаардлагыг тавьж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн тэд төрийн зүгээс тодорхой шийдвэр гаргахгүй бол ажил хаялт цаашид хугацаагүй болох магадлалтай гэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ