У.Хүрэлсүх+Ц.Нямдорж хоршил хамгийн супер нь

МАН-ын “Мэргэжлийн” гэх Засгийн газар огцроод хэдэн өдрийг үдэж байна. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд хэн гээч хүн дараагийн Ерөнхий сайд болох талаар янз бүрийн таамаг хөвөрсөөр. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч нэлээн хэдэн хүний нэр яригдсаар.
Нийгмийн сэтгэлзүйн ерөнхий уур амьсгалыг ажиглаж байхад, тэдгээр нэр дурдагдагсдаас Шадар сайд У.Хүрэлсүхийг шинэ Засгийн газрын Ерөнхий сайд болчихоосой гэсэн хүсэл, хүлээлт олны дунд бусдаас илүүтэй байна. Төр засгийн толгой дээрээ МАНАН гэх мангасыг зайдлуулчихаад монголчууд маш олон жил номхон хүлцэнгүй явсаар иржээ. Ёстой л нөгөө Миеэ даргыг мэтгэлцээнд бэлтгэж байхад нэгэн авгай “ард түмэн гэдэг чинь цагаан цаас...” хэмээн даапаалж байсанчлан тэдний элдэв уран гоё донгодолтонд итгэж, хоосон үгсээр ходоодоо дүүргэж явсаар одоо бараг харангадах дээрээ тулаад байна.
Монголын улстөрийн амьдралд олон жил бугшиж ялзарсан нам дамнасан олигархиудын нэгдлийг задлах түүхэн боломж яг одоо эгзэгтэй мөчид тулж иржээ. Ийм боломж тэр бүр ч олдоод байдаггүй юм! Одоо л энэ цаг мөчид язгуур өөрчлөлт хийж, МАНАН-г сарниаж чадахгүй юм бол ахин тэд хэзээ ч гэнэдэхгүй байж мэднэ.
Энэ түүхэн өөрчлөлтийг гүйцэтгэж чадах хамгийн зангарагтай, зоригтой нэгэн бол яах аргагүй У.Хүрэлсүх. Түүний шударга, дайчин чанар МАН-ыг шинэчлэхэд ихээхэн нөлөөлнө. Тэр МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд болоход одоогийн нөхцөлд хамгийн тохиромжтой фигур.
Харин тэдгээр нэр дурдагсад дотор сонсогдож байгаа Н.Энхболд, Ө.Энхтүвшин гэх мэт хүмүүс бол нэр нь л өөр болохоос бус, “60 тэрбумын” толгойлогч Миеэ дарга л гэсэн үг. Нэмэгдхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй! Сая 1,5 жил Засаг толгойлоод огцорсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг ч мөн Миеэ даргын “утсан хүүхэлдэй” хэмээн хүмүүс ярилцдаг байсан. Олны үг ортой. Нэг хүүхэлдэйг нөгөө хүүхэлдэйгээр солих байсан бол Засаг огцруулсны хэрэг юун!
Мэдээж, МАНАН бүлэглэл энэ цаг үед зүгээр ангайж байгаад эрх мэдлээ бусдад өгчихгүй нь лавтай. Тэд ёстой л нөгөө эр хүний 13 мэхийг бараг 130 болгон хийхэд ч бэлэн байгаа. Иймд тэдний элдэв уран аргад дэгээдэгдэхгүй байхын тулд шударга ёсыг хүсэмжлэгч хэн бүхэн сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Олон жил Монголын нийгмийг доош нь чангааж байгаа МАНАН хэмээх балчиг намгаас одоо л сугарч гарч чадахгүй бол түүндээ үүрд живж ч мэдэх.
Мөн УИХ-ын даргын асуудал хүмүүсийн дунд сонирхол татсаар байна. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд навсайтлаа ялагдсан Спикер одоо үнэхээр сонин биш болжээ. Тэгээд ч түүнд ичих булчирхай гэдэг юм байдаг бол цаашид үргэлжлүүлэн хийхэд үнэхээр бэрх.
Иймд дараагийн Спикер хэн байх вэ гэдэг дээр бас хувилбарууд яригдаж байна. Эдгээрээс хамгийн зохимжтой нь Ц.Нямдорж. Тэр л хуралдаа суудаггүй, үндсэн ажлаа мэддэггүй олон гишүүдийг базаад, номонд нь оруулчихаар зангарагтай нэгэн. Урдаас нь олон юм ярих гээд дальчигнаад байвал зад загнахаас ч сийхгүй. Ер нь УИХ-ын дарга чангахан товарищ байвал таарна. Ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон 76 гишүүн байнга хуралдаа сууж, ард түмний аж амьдралыг сайжруулах хуулиа батлаад ажлаа хийх ёстой. Тэрнээс биш одоогийн зарим гишүүд шиг өрөөгөө цоожлоод хаачсан нь мэдэгдэхгүй өч төчнөөн хоногоор алга болоод байвал УИХ гэж байгаад ч яах юм, тарвал таарна.
Ингээд төсөөлөөд үзэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Ц.Нямдорж гэсэн хоршил үнэхээр тохиромжтой, жинхэнэ супер харагдахаар. Мэдээж, 10 хуруу тэгш, төгс төгөлдөр хүн гэж хаана ч байхгүй. Гэхдээ л тэдгээр нэр гараад байгаа нөхдүүдээс энэ 2 л одоо бидний хамаг итгэл, найдвар болоод байна. Энэ хоёр эрхэм хоршиж ажиллаасай, Монголын маань буян заяа ивээх болтугай.
Д.Мөрөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ