Гишүүд заалнаас нэр дэвшүүлэхийг үгүйсгэхгүй

img

МАН-ын IX бага хурал түр завсарлаад байна.  Завсарлагааны үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

 

- Өнөөдрийн бага хурлаар бид МАН-ын ээлжит XVIII их хурлаа 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд хуралдуулахаар зарлаж байгаа. Өнөөдрийн бага хурлаар Монголы Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг оруулахаар Удирдах зөвлөлөөс шийдсэн.

 

МАН-ын бага хурлын хуралдаанд гурван нэр дэвшигчийг оруулж хэлэлцүүлнэ. Үүнд  Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын нэр байгаа. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд МАН-д нэлээдгүй үзэл бодлын тэмцэл өрнөсөн. Засгийн газраа огцруулаад байгаа. Дараагийн Ерөнхий сайдыг тодруулахдаа Удирдах зөвлөл нэг нэр дэвшигч дээр тогтохыг эрмэлзсэнгүй. Бага хурлын гишүүдэд сонголт хийх боломжийг  олгосон. Дээр нь намын эв нэгдлийг батжуулж, бэхжүүлэхийн төлөө гурван нэр дэвшигчийг санал хураалгана. МАН-ын бага хурлаар олонхийн саналыг авч ялалт байгуулсан нэг дэвшигч УИХ-д өргөн баригдан томилогдоод явах нөхцөл бүрдэнэ.

 

Удирдах зөвлөлийн хурлаар ялагч нь  намын эв нэгдлийг хангаж, намын гишүүдийн санаа бодлыг тусгасан Засгийн газрыг бүрдүүлэх гэсэн байр суурийг баримтлах хэрэгтэй гэж ярьсан. . Цаашдаа Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан байгаа асуудлыг богино хугацаанд шийдвэртэй алхам хийж даван туулахын төлөө ажиллах ёстой гэж хэлэлцсэн хэмээлээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Удирдах зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлэхээс гадна заалнаас нэр дэвшүүлэх боломжтой юу?

 

-МАН-ын бага хурлын дүрмээрээ, холбогдох хууль тогтоомжоор бага хурлын хуралдаанд заалнаас нэр дэвшүүлэх эрх нээлттэй байдаг. Энэ эрхийн дагуу намын гишүүд нэр дэвшүүлэхийг үгүйсгэхгүй. Одоогийн байдлаар нэр дэвшүүлсэн хүн алга байна.

 

-Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэнтэй холбоотой хариуцлага яригдсан уу?

 

-МАН-ын Хяналтын ерөнхий хороо бага хуралд мэдээлэл хийх эрхтэй. Энэ дагуу Хяналтын ерөнхий хороо сонгуулийн ялагдлын шалтгааныг өөрсдийнхөө хэмжээнд хэрхэн үзэж байгаа талаар мэдээлэл хийж байгаа. МАН-ын Удирдах зөвлөлөөс үүрэг болгосны дагуу намын Ерөнхий нарийн бичгийн дарга ахлаад, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулаад, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  МАН-ын ялагдсан үндсэн шалтгаанууд юу байсан гэдэг дээр хэд хэдэн судалгаа хийсэн. Ялагдлын шалтгаанд  Засгийн газрын үйл ажиллагаа, намын мөрийн хөтөлбөр, намын Удирдах зөвлөл, төв штабтай холбоотой асуудал судалгаагаар гарч ирсэн. Үүнийг  бид өнөөдөр бага хурлаараа хэлэлцэнэ.

 

-Ерөнхий сайдад нэр дэвшигчийг өнөөдөр тодруулж амжих уу?

 

-Өнөөдрийн МАН-ын бага хурлаар дөрвөн асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, МАН-ын даргын улс төрийн илтгэлийг хэлэлцлээ. Хоёрдугаарт,  МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гаргасан Ерөнхийлөгчийн сонгуулийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Гуравдугаарт, 11 дүгээр сарын 20-21-нд болох МАН-ын ээлжит XVIII их хурлын төлөөлөгчийг сонгох журам боловсруулсан. Үүнийг батлуулах асуудал  орно.  Үүний дараагаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах ажиллагаа явагдана.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ