Шин Ён Сү: Монгол Улс эрүүл мэндийн салбарын амжилтаараа бахархах хэрэгтэй

Монгол Улсын Засгийн газар болон, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөний баримт бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ үеэр ЭМ-ийн сайд А.Цогцэцэг “Монгол Улс ДЭМБ-ын гишүүнээр 1962 онд элссэн үеэс эхлэн тус байгууллагаас гаргасан зөвлөгөө, технологийг хэрэгжүүлсэн. Энэ удаагийн төлөвлөгөө нь бидний хамтран байгуулж буй гурав дахь төлөвлөгөө. 2002-2007 онд хамтрын ажиллагааны анхны, 2008-2015 онд хоёр дахь төлөвлөгөөгөө баталж байсан. Бид төлөвлөгөөндөө тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, төрөөс эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлогын хэрэгжилт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, өвчин тусахаас нь өмнө урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх юм. Мөн эх нялхас, өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах. Гуравдугаарт, эрүүл мэндийн байгууллага, салбар дундын байгууллага, Засгийн газартай хамтран ажиллах нөхцөл боломжийг хангах чиглэлээр хамтран ажиллахаар гарын үсэг зурж байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжээд таван сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч ДЭМБ-ын анхааралд өртөөд байна. Монгол Улс нийт хүн амынхаа В, С вирусийг тоолсон анхны улс болж байгаа юм” гэв.
Харин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён Сү “Номхон далайн баруун бүсд Зүүн Ази болон Номхон далайн бүх улс буюу 37 орон багтдаг. Мөн Номхон далайн нь дэлхийн хүн амын 25 хувийг эзэлдэг. ДЭМБ Монгол Улстай 55 жил хамтран ажиллалаа. 2017-2021 онд хамран ажиллах төлөвлөгөө нь Монгол Улсын эрүүл мэндийн салбар таван жилийн хугацаанд хэрхэн үр дүнтэй хөгжих тухай нарийвчлан гаргасан төлөвлөгөө. Энэ төлөвлөгөө нь эрүүл мэндийн салбарын үзэл баримтлал, НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд хүрэхэд ямар ажил хийхийг нарийвчлан гаргасан төлөвлөгөө гэж ойлгож болно.
ДЭМБ олон улстай хамтран ажилладаг тул улс орон бүрийн эрүүл мэндийн салбарын төвшинг өөр хооронд нь харьцуулах боломжтой байдаг. Монгол Улсын эрүүл мэндийн салбар маш том амжилттай явна. Энэ амжилтаараа Монгол Улс бахархах хэрэгтэй. Аливаа улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд тодорхой бэрхшээл бий. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд эдийн засаг, эрс тэс уур амьсгал зэрэг олон зүйл тодорхой саад учруулж байгаа. Гэсэн ч Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ололт амжилтаас гурвыг дурдъя. Нэгдүгээрт, маш том газар нутагт тархай бутархай байрладаг мөртлөө иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг сайн үзүүлж байна. Хоёрдугаарт, эх нялхсын эндэгдлийг бууруулж байгаа нь онцлох үр дүнд хүрсэн гэдгийг дуулгая. Тодруулбал, мянганы хөгжлийн зорилтод хүрсэн цөөн орны нэг. Мөн эрүүл мэндийн даатгалын систем байнга хөгжиж байна. Энэ нь олон хүний халааснаас гардаг даатгалын мөнгийг зогсоож, эдийн засгийн дарамтад оруулалгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлжилгээг үзүүлж байна. Гуравдугаарт, энэ жилээс хэрэгжиж эхэлсэн гепатит В, С илрүүлэг. Гепатит В, С Азийн өвчин гэж хэлж болно. Гепатитийн өмөнгийн 45 хувь нь манай бүсд бүртгэгдсэн байдаг. Монгол Улсын Засгийн газар 2020 он гэхэд гепатитийн өвчлөлийг арилгах. ДЭМБ-аас гурван сая хүн амтай Монгол Улс гепатитыг устгах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Мөн гепатит С-г эмчилдэг эмийн үнийг Монгол Улсын Засгийн газар бууруулж чадсан нь маш том амжилт. Би БНСУ-ын иргэн. Манай улсад энэ эм 20-30 мянган ам.доллар байдаг. Гэтэл Монголд энэ эмийг зах зээлийн үнийн нэг хувьтай дүйцэхүйц үнээр борлуулж байгаа. 2020 он гэхэд гепатитийг устгах төлөвлөгөө нь дэлхийд анхдагч санаа. Халдварт бус өвчлөл нас баралтын гол шалтгаан болж байгаа” гэлээ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ