Японы буцалтгүй тусламжаар Дарханы МСҮТ-д засвар хийнэ

“Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дархан-Уул аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд иж бүрэн сантехникийн засвар хийхээр болжээ.
185 сая төгрөгийн өртөгтэй энэ ажлыг сарын хугацаанд хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгөхөөр “Дархан Хясаат” компанитай гэрээ байгуулсан байна.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока өнөөдөр Дархан хотод айлчлах үеэрээ энэ гэрээнд гарын үсэг зурлаа.
Элчин сайд Масато Такаока, “МСҮТ-өөс ирээдүйд Дарханыг болон Монгол Улсаа хөгжүүлэх боловсон хүчин олноор төрөн гарна гэдэг итгэлтэй байна. Дархан-Уул аймгийг Монголын эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулдаг аж үйлдвэрийн хот гэж бодож байна. Тиймээс цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ” гэлээ.
“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт 20 гаруй төсөл хэрэгжүүлсний ихэнх нь боловсролын салбарт оруулсан хөтөлбөр байжээ. Тухайлбал, Дархан сумын V дугаар цэцэрлэг, Жигүүр цогцолбор сургуулийн их засвар, Шарын гол сумын II дугаар сургууль, XIV цэцэрлэгт өргөтгөл, засвар, Хонгор сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны их засварын ажил зэрэг болно.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ