Ц.Баатархүү: НИТХ-ын үйл ажиллагаа гацчихлаа

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр НИТХ-ын томилгооны талаар байр сууриа илэрхийллээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуйг өнгөрсөн баасан гаригт огцруулсан. Түүний оронд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, Д.Баярсайхан нар нэр дэвшсэн ч төлөөлөгчдийн санал тэнцсэнээр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй.
Гэвч НИТХ-ын хуралдааныг зарласангүй. Энэ талаар АН-ын бүлгээс мэдээлэл хийсэн юм. Ц.Баатархүү “НИТХ анх удаагаа даргаа огцруулсан. Гэвч даргаа сонгож чадахгүй долоо хонолоо. МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа. Өнөөдөр НИТХ-ын 11 дүгээр хуралдаан үргэлжлэх ёстой. Гэвч МАН-ын бүлэг хойшлуулах байр суурийг илэрхийлсэн.
Завсарлагыг сунгах шаардлага байгаа бол дэгийн дагуу хуралдааныг эхлүүлж, бидэнд мэдэгдэх ёстой. Гэтэл завсарлагыг сунгах тухай албан ёсны мэдээлэлгүй, өнөөдөр хаалга үүд нь түгжээтэй байна.
10 дугаар сарын 5-ны дотор Нийслэлийн 2018 оны үндсэн чиглэлийг өргөн барьдаг. Энэ өдрөөс эхлэн нийслэлд 2018 онд хийгдэх гол ажлыг НИТХ хийх ёстой. 2018 оны төсвийг хэлэлцэх шаардлага үүсдэг. Харамсалтай нь энэ бүхнийг ярих бус албан тушаалын асуудлаа эрх баригчид шийдэж чадахгүйгээс нийслэлийг бодлогоор хангадаг НИТХ-ын үйл ажиллагаа гацчихаад байна. Тиймээс МАН-ын бүлэгт ажлаа шуурхайлах шаардлагыг тавьж байна” гэсэн байр суурийг илэрхийлэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ