НИТХ даргаа сонгож чадах уу

НИТХ-ын XI хуралдаанаар МАН-ын бүлгийн авсан тав хоногийн завсарлага өчигдөр дуусгавар болсон. Өнгөрсөн баасан гаригт эхэлсэн тус хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн. Дараагаар нь НИТХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэхэд УИХ дахь МАН-ын бүлгээс НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайханыг бол заалнаас С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн.
Санал хураалтаар НИТХ дахь АН-ын бүлгийн 10 гишүүн саналын хуудсанд нэр дэвшигчдийн хэнийг нь ч үл зөвшөөрч, цагаан хуудас өгсөн бол МАН-ын бүлгийн 34 гишүүний санал хоёр нэр дэвшигч дээр тэнцсэн байлаа. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага аваад байсан юм.
НИТХ-ын даргад нэр дэвшигч Д.Баярсайхан МАН дахь хотын фракцын төлөөлөл, тэрбээр Сонгинохайхан дүүргийн ИТХ-ын дарга, Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Мөн НИТХ-д хамгийн олон удаа сонгогдсон төлөөлөгчийн нэг юм.
Харин нэр дэвшигч С.Амарсайхан АН-ын гишүүнээсээ татгалзаж, МАН-д элссэн. Түүнийг УИХ-ын гишүүн асан С.Отгонбаярын дүү гэдгээр нь андахгүй.
НИТХ-ын XI хуралдаан үргэлжлэхэд хоёр нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулах юм. Хэрвээ төлөөлөгчдийн санал дахин тэнцвэл шинээр нэр дэвшүүлэх МАН-ын бүлэг дээр хэлэлцсэн байна.
НИТХ-ын XI хуралдаан хэдэн цагаас үргэлжлэн хуралдах талаар тов гараагүй байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ