Сато Мүцүмиг: “Жайка”-гаас 850 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка” Монголд анхны сайн дурын гишүүнээ илгээсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбоотойгоор “Жайка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүмигээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Жайка” Монголд сайн дурын ажилтнаа илгээгээд 25 жил болжээ. Энэ хугацаанд хийсэн ажлаасаа онцлон дурдахгүй юу?
-“Жайка” 1992 онд анх сайн дурын гишүүнээ Монголд илгээж байсан. “Жайка” нь сайн дурын ажилтан илгээхээс гадна сайн дурын олон төсөл хэрэгжүүлдэг. Хамгийн ойрын жишээ дурдвал, цахилгаан станцын чадавхийг сайжруулах, Шинэ онгоцны нисэх буудал, Нарны гүүр барих зэрэг олон ажлыг хөгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн. Мөн хүний нөөцийг бэхжүүлэх тал дээр “Жайка” илүү анхаарч ажилладаг. Тиймээс 1992 онд Монголд сайн дурын мэргэжилтнүүд ирж ажиллаж байлаа.
-25 жилийн хугацаанд танай байгууллагаас хэчнээн хүн Монголд ирж ажилласан бэ?
Сайн дурын гишүүн нь хоёр төрөл байдаг. 40 хүртэлх насныхан нь залуу сайн дурын ажилтан гэж явдаг. Харин 40-өөс дээш насныхан нь ахмад сайн дурын гишүүн гэж явдаг. 25 жилийн хугацаанд “Жайка”-гаас залуу 520, ахмад 140 гурай сайн дурын гишүүн Монголд ажиллажээ.
-“Жайка” нь эрүүл мэнд, боловсрол, байгаль хамгаалал зэрэг олон салбарт сайн дурын үйл ажиллагаа явуулдаг. 25 жилийн хугацаанд аль салбарт илүү хөрөнгө оруулалт хийсэн байна вэ?
-Сайн дурын ажилтны ажилласан байдлаас харахад нийслэл болон орон нутгийн алинд ч боловсролын салбарт илүү анхаарч ажилласан байна. Мөн эрүүл мэндийн салбарт сэргээн засах үйлчилгээ нэмэгдэж байна. Мөн япон хэлний багш нар их ажилласан байдаг. Сайн дурын ажилчдын ихэнх нь Монголд элэгтэй, дуртай болоод буцдаг. Монгол, Японы хөгжлийн гүүр болъё гэсэн бодолтой байдаг.
-Хамтын ажиллагааны хүрээнд цаашид ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-Олон ажил бий. Нэгдүгээрт, агаарын бохирдол бууруулах хөтөлбөрийн гурав дахь шатны ажил яригдаж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг 10-аад жил болж байгаа. Энэ жилийн хувьд түрүүн дурдсан Нисэх онгоцны буудлыг барьж дуусгана. Мөн мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр үргэлжүүлж, их, дээд сургуулийн холбоог сайжруулан хүний нөөцийг сайжруулах зорилготой байгаа.
-Эдийн засаг санхүүгийн чиглэлд ямар хөтөлбөр хэрэгжүүлэх вэ?
-Олон улсын валютын сангийн хөтөлбөр Монголд тавдугаар сарын 1-нээс хэрэгжсэн. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор “Жайка” 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
-Агаарын бохирдлыг бууруулахын тулд автомашинд утааны шүүлтүүр байрлуулах тухай яригдаж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Автомашины утаа шүүх “DFL”-ийг Монголд тохирох эсэхийг туршиж байгаа. Автобуснуудад туршилтаар суулгаж байгаа. Одоогоор судалгааны шатанд явж байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ