А.Цогцэцэгийн ҮДЭЛТ

Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Мэргэжлийн” гэсэн тодотголтой байв. Салбартаа ажиллаж байсан, юу хийхээ мэддэг хүмүүсийг сайдаар томилно гэх анхны утгыг айхтар сайн дагасан томилгоо нь Эрүүл мэндийн яаманд явагдсан. Салбарынхандаа “гологдсон” ч ямар ч байсан А.Цогцэцэг гэх мэргэжлийн хүн Эрүүл мэндийн яамыг жил гаруйн хугацаанд толгойлов.
Улсын онцгой комиссын нэг хуралдааны үеэр тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт банга хүртээж, сайдын зангарагтай байхыг сануулж байсан. У.Хүрэлсүх “Асуудал шийдэх гэж дарга хийдэг. Зовлон ярих гэж дарга хийдэггүй. Асуудлыг шийдэж, ажил хийдэг учраас та Сайд гэсэн албан тушаалтай байгаа юм” хэмээн загнаж байсан нь хэвлэлийн хуудсанд бий. Асуудлыг шийдэх Төрийн сайдын бяргүй байгааг А.Цогцэцэг сайдад хатуухан хэлж байв. У.Хүрэлсүх сайдаас сануулга авч байсан А.Цогцэцэг түүний танхимд үлдэхгүй нь ойлгомжтой.
Харин салбарынхан нь түүнийг өчигдөр жагсаалаар “үдэж өгөв”. Ерөнхий сайдыг томилохдоо зэрэгцэн эрүүл мэндийн салбарынхан жагсаал хийж, цалингаа 50 хувиар нэмүүлэхийг шаардав. “2-3 хүний ажил хийдэг эмч нар сардаа 400-600 мянган төгрөгийн цалин авдаг” гэх гомдлыг салбарын сайдаараа дамжуулан Засгийн газарт хүргэхийн төлөө 20 мянгуулаа жагсав. Харин Засгийн газар болоод салбарын сайд нь цалин нэмэх боломжгүй ээ гэсэн хариултыг шуудхан өгч байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 онд төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Энэ үеэр гишүүд эрүүл мэндийн даатгалын санд байгаа хөрөнгөөр эмч нарын цалинг нэмэх боломжтой байгааг хэлж, тодруулж байна. Харин Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг “Эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэлийг хөрвөх чадвартай ашигласан. Үлдэгдэл хөрөнгийг эмчилгээний зардалд шингээх боломжийг судалж байна. Тухайлбал, мухар олгойн хагалгаа 380 000 төгрөгөөр санхүүждэг. Гэтэл хагалгааны өртөг нь 600-аад мянган төгрөг. Эмчилгээний өртгийг нэмж, эмч нарт урамшууллаар олгох боломжтой” гэсэн хариултыг өгч байна. Харин салбарынхан нь үүнийг хүсээгүй. Үндсэн цалингаа багадаа 50 хувь нэмүүлэхийн төлөө тууштай тэмцэхээ илэрхийлж, УИХ, Засгийн газар, сайддаа хандаж буй. Товчхондоо цалин нэмнэ гэж сонгогдож, томилогдсон дарга, сайд нараас амлалтаа хэрэгжүүлэхийг эмч, багш нар шаардаж байгаа юм. Харин Засгийн газарт мөнгө байгаа ч ОУВС-нд төрийн албан хаагчдын цалин нэмэхгүй гээд амлачихсан учраас “боломжгүй” гэсэн ганцхан үгээр амыг нь тагласаар буй.
УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа “Эмч,сувилагчдаа хэдэн төгрөгийн цалин өгөхөө эмнэлэг нь шийддэг хуулийг чинь батлуулаад өгсөн шүү дээ. Журмуудаа хурдан батлаад хэрэгжүүлээч” хэмээн жиргэжээ. Товчхондоо эмч, эмнэлгийг ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх хууль батлагджээ. Харин эрүүл мэндийн сайд үүргээ гүйцэтгээгүй, ажлаа хийгээгүй болж таарах нь. Явж буй А.Цогцэцэгээс хууль хэрэгжүүлэхийг шаардаад ч нэмэргүй. Тэгэхээр эмч нар дараагийн сайдад л найдах үлдлээ. Мэргэжлийн гэж тодотгосон сайд нь эрүүл мэндийн салбарт, эмч нарт наалдах юу үлдээснийг салбарынхан тодорхойлно.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ