“Хар Ирвэс”-үүд аваргаллаа

Нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн Аврагч” тэмцээн өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас аваргаар шалгарсан багууд болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээний талаар тодорхой цэгүүдэд даалгавруудыг гүйцэтгэж, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батсайхан, НОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо болон дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн удирдлагууд оролцлоо.
Уралдаант тэмцээнд ерөнхий боловсролын Баянзүрх дүүргийн 87, Багануур дүүргийн 125, Баянгол дүүргийн 38, Сүхбаатар дүүргийн 4, Сонгинохайрхан дүүргийн 105, Налайх дүүргийн Голомт сургууль, Хан-Уул дүүргийн 34, Чингэлтэй дүүргийн 23 дугаар дунд сургуулиудын ахлах ангийн нийт 80 гаруй сурагчид оролцлоо.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах дадал эзэмшүүлэх зорилгоор нийслэлийн түүхт 378 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтаж уралдаант тэмцээнийг зохион байгуулсан.
Сурагчид байран дээрх ажиллагаа, мэдлэг сорих асуулт хариулт, гимнастик, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, үер усны аюулаас аврах ажиллагаа, нурангиас нэрвэгдэгчийг аврах, уяа зангидах, гал түймэр унтраах гэсэн цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн.
Тэмцээний төгсгөлд нийлбэр оноогоор Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуулийн Хар ирвэс өвөрийн аврагч бүлэг нэгдүгээр, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль Хангарьд өсвөрийн аврагч бүлэг хоёрдугаар, Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн баг тамирчид гуравдугаар байрт тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ