“ОДДЫН АКАДЕМИ” шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ

Монгол хүн бүр урлагт хайртай. Дуулж, бүжиглэж хэлд, хөлд ордог монгол хүүхдүүдийн авьяас чадвар дундаршгүй арвин гэдгийг бид сүүлийн жилүүдэд илүү ихээр харж, сонсож, мэдэрч байна. Тодруулбал, Монголын телевизийн салбарт шинээр мэндэлж буй шоу нэвтрүүлэг, төсөл хөтөлбөрүүд тэднийг бидэнд танилцуулж дотоод ертөнц, нуугдаж байсан авьяасыг нь нээж улмаар дэлхийн тавцанд өөрсдийгөө сорих боломжийг олгож эхлэв. Ингээд урлагийн ертөнцөд байр сууриа олохоор хичээж буй шинэхэн уран бүтээлч эсвэл ард түмний сэтгэл зүрхэнд тодоос тод гэрэлтэх од болохоор мөрөөдөж буй залуучуудад бас нэгэн шинэ боломж гарч ирлээ. Энэ бол “Оддын академи” шоу нэвтрүүлэг.
“Боловсрол” телевизийн уран бүтээлчид ээлжит шинэхэн төслөө танилцуулсан нь охидын хамтлаг төрүүлэн гаргах “Оддын академи” шоу нэвтрүүлэг бөгөөд нэвтрүүлгийн бүртгэл эхэлснийг албан ёсоор зарлалаа. Дэлхийн 44 оронд албан ёсны эрхтэйгээр хийгддэг тус шоу нэвтрүүлэг нь дуулах хүсэлтэй сая сая залуусын мөрөөдлийг биелүүлэх томоохон боломж болдог юм. Ингээд өнгөрөгч долоо хоногт нэвтрүүлгийн багийнхан “Оддын академи” шоу нэвтрүүлгийн шагналын сан, бүртгэл, ялагчийн талаарх мэдээллийг цацаж үзэгчдийн асуултад хариулт өглөө.
Нэвтрүүлгийн ялагчийг ямар шагнал хүлээж байна вэ?
Монголын шоу бизнесийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурь, орон зайг эзэлсэн охидын хамтлаг гаргах нь тэдний гол зорилт гэнэ. Нэвтрүүлгийн ялагч болон гарах тус хамтлагийг бие даасан цомог гаргах, клип хийлгэх, олон улсын хөгжмийн наадамд оролцох эрх бүхий 100 сая төгрөгийн продюсенгийн гэрээ хүлээж байгаа аж.
“Оддын академи”-ийн шинэ элсэлтэд хэрхэн бүртгүүлэх вэ?
Нэвтрүүлэгт 16-аас дээш насны эмэгтэй оролцогч бүртгүүлэх боломжтой. Бүртгэл “Боловсрол” телевизийн байранд явагдаж байгаа бөгөөд долоо хоногийн бүх өдөр 09:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Мөн Edutvburtgel.mn сайтаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Ингэснээр орон нутгаас оролцох хүсэлтэй хүмүүст боломж нээгдэж байгаа юм.
Мөн “G-Mobile” компанийн дараах салбаруудад бүртгэлийн материалыг хүлээн авч байна.
1.ЖИ МОБАЙЛ ТӨВ САЛБАР
2. И-МАРТ САЛБАР
3. МАКСМОЛЛ САЛБАР
4. ЗАЙСАН САЛБАР
5. ХОРООЛОЛ “НОМИН” САЛБАР
6. ДҮНЖИНГАРАВ САЛБАР
7. МУИС САЛБАР
Бүрдүүлэх материал:
Бичлэг-Шаардлага хангасан оролцогчид бүртгүүлэхээр ирэхдээ өөрийгөө бүрэн илэрхийлэхүйц дуу дуулж буй бичлэг авч ирнэ. Дууны бичлэг нь чимээ шуугиангүй, гэрэлтүүлэг сайтай газарт хийгдсэн байх ёстой бөгөөд бүтэн хоолойгоор дуулсан байх шаардлагатай. Гадаад болон монгол дууны аль ч төрлөөс сонгож болно.
Зураг-Бүтэн бие гарсан 14х21см хэмжээтэй зураг авч ирнэ.
Дараах материалыг бүрдүүлсэн бол зохион байгуулагчдын зүгээс өгөх анкетийг бөглөнө. Нэвтрүүлгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг 9700-4004, 9700-2002 дугаараас авах боломжтой.
Урлагийн салбарын туршлагатай шүүгч, мэргэжилтнүүд тус төсөлд хамтарч ажиллаж байгаа бөгөөд тэд хамгийн шилдэг, авьяаслаг, тэсвэр хатуужилтай, өрсөлдөхүйц чадвартай уран бүтээлчдийг бэлтгэхээр зэхэж байна. Нуугдаж буй авьяасаа нээн харуулж мөрөөдлийн тайзан дээрээ гарах боломжоо бүү алдаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ