Р.Анхням: Кинонд тоглосноос арав хоногийн дараа төрсөн

img

Гэрэл зургийг MPA.mn

 

“Улаанбаатар” олон улсын кино наадам “Чингисийн хүүхдүүд” киноны нээлтээр өнөөдөр эхэлнэ. Мөн тус кино нь тодорхой шалгуурыг даван Оскард “Гадаад хэл дээрх кино” төрөлд оролцох эрх аваад байгаа юм. “Чингисийн хүүхдүүд”-тэй 92 орны кино шалгарсан бөгөөд тэдний таван кино нь Оскард өрсөлдөх эрхтэй болох юм. Киноны гол дүрийн жүжигчин Р.Анхнямтай киноны хэвлэлийн хурлын үеэр цөөн хором ярилцлаа.

 

-“Чингисийн хүүхдүүд” кинонд тоглох үедээ та бие давхар байсан гэсэн. Кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Кинонд тоглох санал гэдэс маань томроогүй байхад ирсэн. Кинонд тоглохоос татгалзах боломж байсан ч Д.Золбаяр найруулагч сургуулиа төгсөөд жижигчин болохоор алхахад минь тосч авсан хүн болохоор татгалзаж эрх байгаагүй. Кинонд тоглосноос арав хоногийн дараа төрсөн. Киноны зураг авалт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн ч миний хувьд наймдугаар сард зураг авалтдаа очиж байлаа. Эхлээд 4-5 хоногийн зураг авалттай байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас болоод зураг авалт маань нэлээд сунгагдсан.

 

-Таны дүрээр юуг харуулахыг зорьсон бэ?

 

-Кинонд час улаан хацартай, хайр татам гурван хүүхдийн ээж болж тоглосон. Киног хотод амьдарч буй хүүхдүүдийг эцэг, эхтэйгээ ирж үзээрэй гэж хэлмээр байна. Киноноос их зүйлийг ойлгоно. Хөдөө, мал маллан амьдарч буй хүүхэд юу хүсэж мөрөөддөг, хотын хүүхдүүдээс юугаараа ялгаатайг олж хараарай. Нүүдэлчин соёл иргэншилтэй монгол хүн гэж явдаг болохоор энэ соёл маань чухам ямар соёл болохыг энэ киноноос үзэх байх. Оскард оролцох эрхтэй болсон кино ямар байдгийг хараарай. Миний хувьд киногоо үзэж амжаагүй явна. Харин үзсэн хүмүүс сайхан сэтгэгдэлтэй байна лээ. Өнөөдөр нээлт дээр очиж киногоо үзнэ. Сэтгэл догдлон хүлээж байна.

 

-Таны тоглосон “Чонон сүлд” кино Оскард өрсөлдөж хараахан чадаагүй. Харин “Чингисийн хүүхдүүд” оролцох эрхтэй боллоо. Хэр сайн өрсөлдөх бол?

 

-“Чонон сүлд” кино маань 100 хувь Хятадын бүтээл биш гэдэг утгаараа Оскард  өрсөлдөж чадаагүй. Монголын уран бүтээлчид Оскард өрсөлдөх эрх авч чадсанд уран бүтээлчийнхээ хувьд баяртай байна. Монголын кино урлаг маш хурдтай хөгжиж байна. Монголчууд маань монгол киногоо дэмжээд, нэгдэж чадвал ямар амжилттай оролцдогийг харуулаасай гэж хэлье. Оскард оролцох эрхийг өрсөлдөх эрх болгож чадна гэж бодож байна.

 

-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулахгүй юу?

 

-Охин маань ой хүрч байгаа ч энэ хооронд зүгээр суусангүй. Хүүхдээ өсгөх зуураа уран бүтээлээ хийж байсан. Одоогоор зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” зохиолоор кино хийж байгаа. Киноны зураг авалт төгсгөлийн шатанд явж байгаа. Улирлын зураг авалттай байгаа тул хүлээгдэж байгаа. Одоо “Чингисийн хүүхдүүд” киногоо дагаад олон улсын кино наадмуудад оролцоно. Уран бүтээлийн ажил дэгжирч байна.

 

-Гаднын орноос хамтран ажиллах санал ирж байна уу?

 

-Тийм санал ирж байгаа. Гэхдээ охин маань арай бага байгаа тул удаан хугацаагаар охиноо орхиж болохгүй. Тиймээс гаднын уран бүтээлчдийн хамтран ажиллах саналаас татгалзаж байгаа. Охиноо ядаж гурван нас хүрсэн үед удаан хугацааны уран бүтээлд оролцъё гэж бодож байгаа. 

 

Оскард өрсөлдөхийн тулд компанит ажил өрнүүлэх шаардлагатай. Компанит ажилд 107.5 мянган ам.доллар шаардлагатай бөгөөд ирэх оны нэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна.   

 

Р.Ренчиндулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Anhnyam jaahan hugshircchjee huurhii mini....
2017-10-11
Гөлөг:
Бямбацогт жүжигчин манай буудалд их ирсэн дээ энэ бүсгүй тэй
2017-10-11