Хариуцлагагүйн ХАР тодотгол

Иргэд бол гол нь хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг шийдэх гэж л төсвийн тодотголыг оруулж ирж байна гэж цагаахнаар харсан байх. Ийм цагаан сайхан хүлээлтэд дунд хуруу гаргадаг өнөөх л балиар юм энд дахиад давтагдав.
Төлөвлөснөөс 900 тэрбумаар орлого нь давсан байтал зарлагаа өсгөж төсвөө дахин тодотгож байгаа нь анхаарал татаж байна. Төсвийн орлого буурах, зардлаа хэмнэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд төсөвт тодотгол хийдэг. Гэтэл яг эсрэгээр нь орлого нь өссөн байхад зарлагаа нэмэгдүүлж, төсөвт тодотгол оруулж ирж байна.
2.7 их наяд буюу Монгол Улсын түүхэнд байгаагүй гэх өндөр алдагдалтай төсвийн тодотголыг гишүүд тун залхуутай хэлэлцэж эхлээд байна. Учир нь энэ тодотгол нь өнгөрсөн нэг жилийн МАН-ын амлалт ба сонгуулийн балгийг давхар сэвээд байгаа тул дурамжхан л хэлэлцэж харагдаж байна. АН мөн адил, эрх барихдаа төсвийн тогоог цоортол шавхаж тултал тодотгож байсан. Ялгарах юм байхгүй, тэд бүр хоёр төсөвтэй мэт байж намд ойр бүхэн бүгд амаа тосдож, бондын мөнгөөр хэдэн компаниа бэнзийлгэж авсан. Ард нь цалин тэтгэврээ нэмүүлэх ямар ч боломжгүй гэж бүсээ чангалж үлдсэн хэдэн иргэд нь хохирсоор суугаад хамаг учир байна. Орлого нь зарлага талдаа автоматаар сууж, балансаа барьж байх нь наад захын өрх авч яваа эр хүний толгойд багтах энгийн мэдлэг. Харин манай засаг төр эрх ашигт нь наалдсан бол зарлагаа байнга хэтрүүлж, дараа нь тодотгоод нөхчихдөг муу зан сурчихжээ.
Өссөн зарлага нь юунд явчихсан байна. Намын их халаа сэлгээний шархыг мөн л төсөв татвар төлөгчдийн мөнгөөр нөхөх гэж байх юм. Захиргааны шүүхээр ялсан хууль бус ажлаас халагдсан буруу шийдвэрийн нөхөн төлбөрийг бидний татварын мөнгөнөөс гаргуулж ирсэн. Хар жишээ хар мянга байна л даа.
Зам тээврийн яам гэхэд 2013-2015 онд давхардсан тоогоор 30 хүн шүүхийн шийдвэрийн дагуу эргэн томилогдсон нөхөн олговорт улсын төсвөөс 326,002,899 төгрөг олгосон бол МАН-ын хариу халаа сэлгээний дүнд 2016 онд яам болон агентлагийн хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн олговорт 136 сая төгрөг зарцуулчихаад байна гэжээ.
Өөрийнх нь халааснаас энэ мөнгө гардаг байсан бол халах тушаал дээр нэлээн юм бодож хуйхаа маажиж байж зурах байсан биз. Төсвөөс тодотгоод гаргачихдаг болохоор баруун солгойгүй халаа хийж, нөхөн төлбөр цалин өгөх шүүхийн шийдвэрийг баяртайгаар биелүүлж суух болсон. Гэнэт халагдсаны 3 сарын цалинг мөн л уриалгахан цохож өгдөг гэж байгаа. Өөрийнх нь халааснаас сохор зоос ч гарахгүй болохоор ингэж байгаа.
БХЯ гэхэд гадаадад суралцахаар явсан, өөр анги руу шилжин томилогдсон, тэтгэвэрт гарсан гэх мэт шалтгаанаар тус ангид ажилладаггүй 295 хуурамч нэр зоож байгаад зөвхөн 2016 онд 177 000 000 төгрөгийн цалин бодож олгосон байна. Байхгүй хүн дээр бодогдсон цалинг хэн цохиж сууж байсан бол. Хамгийн гол нь энэ мөнгийг Бадмаанямбуугийн Бат- Эрдэнэ сайдын хадгаламжаас гаргадагггүй, маний татвараас бүрдсэн төсвөөс мөлжиж гаргаад байгаа юм. Одоо тэгээд зарлага нь даанч хэтэрсэн орлого нь гүйцэхээ байлаа гээд тодотгоё гээд сууж байна. Төр ингэж завхруулсан мөнгөө нөхөхдөө үнэн аргаа олцон байгаа харагдана. Дарга даамлуудлын улайрсан халаа сэлгээ буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид олгох нөхөн төлбөрийн мөнгөн дүн 25.7 тэрбум төгрөгт хүрчихжээ.Үүнийхээ 8.8 тэрбум төгрөгийг энэ оны эцэст төсвийн тодотголд суулгаад оруулж ирж байна. Энэ арай л дэндэнээ, улстөрчид өө.
Орон нутгийн сонгуулийн савлагаа хүртэл төсвийг зулгаадаг болж. Засаг захиргааны дарга нар солигдсоны дараа хусуулсан улс төрийн албан хаагчдад зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох ёстой гээд хуулиар баталгаажуулаад авчихаж. 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа 1786 улс төрийн албан хаагч ажлаасаа халагдаж, эрхээ зөрчүүлжээ. Үүнд нь энэ жил зургаан тэрбум 790 сая төгрөг шаардлагатай тул төсвийн тодотголд зоогоод оруулж ирж байна. Улстөрчдийн дархлаа бүх шатанд маш өндөр хамгаалалттайгаар хийгдсэн байна.
Энэ удаагийн тодотгол хүүхдийн мөнгө нэмэх тухай хийсэн тодотгол гэвэл андуурч байна, бид. Хойд Солонгосын буянаар Хятадад ахиухан нүүрс шахсаны буян, эдийн засгийн өсөлт иргэдээс их холуур өнгөрч байна. Төр үнэхээр толгойноосоо өтсөн ба үнэр ихтэй байгааг дахин халагламаар.
З.Нарантуяа гишүүнтэй санал нэг байна. Төсөвт тодотгол хийх нэрээр ийнхүү улстөрчдийгөө усалж, шахааг нь дэмжиж байдаг сувгийг таслах хэрэгтэй. Төсвийн орлогын өсөлтөөр тодотгол хийх, хүүхдийн мөнгөний эх үүсвэр гаргах бол ердөө л хусам. Өрмийг нь улс төрийн хүрээнд хуу хамаад гударчихаж байна. Түүнийгээ төсвийн тодотголоор нөхөх зөвшөөрлийг Их хурал соёрхох гэж байна. Үүндээ ч сурцтай болж дээ.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /
СЭТГЭГДЭЛ БИЧИХ