Шинэ сайдаа хүлээж буй яамдын “НО”

img

АТГ-аас яамдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Одоогийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Гадаад харилцааны яамнаас бусад яамдын шалгалтын дүнг олон нийтэд ил болгоод байна.

 

БХЯ: Хуулийг буруу хэрэглэгчид

 

Батлан хамгаалах яамны албан тушаалтнууд хууль бусаар шийдвэр гаргаж, томилгоо хийдэг, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа явуулдаг нь тодорхой болов. Тус яамны 2015 оноос хойших үйл ажиллагаатай танилцахад тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга сонгон шалгаруулалтад оролцож шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийдвэрлэдэг, бусдад давуу байдал олгодог, хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр томилдог зэрэг зөрчил илэрсэн байна.


 

ЗТХЯ: Хуулиас давсан журамтай салбар

 

Зам тээврийн хөгжлийн яамны ажилтан, албан хаагчдын үр дүнгийн гэрээний урамшуулалд 2015-2016 онд 508 сая төгрөг зарцуулсан зөрчил илрүүлэв. Мөн ИНЕГ-т сүүлийн 3 жилийн хугацаанд удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нийт 469 албан хаагчийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд томилсон байна.

 

Зам тээврийн салбарт боловсон хүчний халаа сэлгээ ихтэй, хувь хүний үзэмж болоод улс төр, намын харьяаллыг харгалзан томилох асуудал их гарчээ.

 

Ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат “Зам тээврийн салбарт хуулиас давсан журам үйлчлээд байна. Яам болон агентлагийн 2015, 2016 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Төсөв хэтэрсэн, хэтрүүлсэн асуудал байгаа. Хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн олговорт 155.2 сая төгрөг зарцуулсан байдаг. Энэ мэт зөрчил олон байгаа учраас танай салбарт тусгайлан санхүүгийн болон эрсдлийн аудит хийх болно” гэдгээ хэлжээ.


 

ХНХЯ: Гэмт хэргийн шинжтэй актууд анхаарал татав

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд илт ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, халаа сэлгээ их хийгддэг, гадаад томилолтын зардлыг хэтрүүлж олгосон, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулсан гэх боловч холбогдох баримт бичиг нь байгаагүй зэрэг зөрчил, дутагдал илэрчээ.

 

Тус яаманд гүйцэтгэлийн аудитаар илэрсэн 4 төрлийн акт нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.


 

ЭХЯ: Хууль зөрчиж авдаг мөнгө хаачдаг вэ

 

Эрчим хүчний яам15 албан хаагч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй томилжээ. Мөн хуулиас давсан журам баталж, үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр, хураамж тогтоосон нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг хохироож байна гэж үзэх үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Түлш, эрчим хүчний чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээг хатуу тогтоож өгсөн байтал Эрчим хүчний сайдын 2012 оны 64 дүгээр тушаалыг үндэслэж Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2012 оны Б/36 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны үйлчилгээний үнэ тооцох журам”-ыг батлан тусгай зөвшөөрөл олгох үндсэн нэр төрлийн суурь үнэ 100 мянган төгрөгийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн дансанд тушаахаар зохицуулсан байна. Мөн тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний 6 төрлийн 26 ажилд 100 000-1 600 000 төгрөгийг Эрчим хүчний хөгжлийн төвийн дансанд төвлөрүүлсний дараа тусгай зөвшөөрлөө авдаг байна. Энэ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчсөн байна.

 

 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК сар бүр албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг дүгнэн сарын үндсэн цалингийн 30-50 хувь хүртэл хэмжээгээр урамшуулал олгодог бөгөөд нийт албан хаагчдад сар бүр тогтмол олгосон үр дүнгийн урамшуулалд 2016 онд 1 тэрбум 96 сая, 2017 оны эхний улиралд нийт 450,6 сая төгрөг олгосон байна. Нэг төрийн байгууллагын албан хаагчдын хоёр жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг энэ компанийн албан хаагчид үндсэн цалингаасаа гадуур сар бүр авч байгаа нь хэр зохистой вэ?

 

Тус яам газрын маргааныг шийдээгүй байж төсөвт хөрөнгийг нь тусгуулсаны улмаас 89.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 10 барилга байгууламж ашиглалтад хүлээн авах боломжгүй байна. Мөн Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайланд аудит хийхэд нийт 18 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Үүнд аудитын байгууллагаас төлбөрийн акт тогтоосон юм байна.


 

УУХҮЯ: Авлигын уурхай байж болзошгүй

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газрын албан хаагчид ажил үүргийнхээ хажуугаар шинжээчийн үүргийг давхар гүйцэтгэж ажилладаг байна. Уул уурхайн 19 мэргэжилтэн аж ахуйн нэгжийн ашигт малтмалын ордын нөөцийг тогтоосон тайланд шинжээчээр оролцож 3-25 сая төгрөгийн хөлс авчээ. Энэ салбарт төрийн албан хаагч өөрийн эрхэлж буй ажлын хүрээнд шинжээчээр оролцож, түүнээсээ орлого олохыг зөвшөөрсөн журам үйлчилж байгаа нь авлигын маш том эрсдэл бөгөөд төрийн албан хаагч хуулиар зөвшөөрснөөс өөр давхар ажил эрхлэхгүй байх хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байна.

 

Ашигт малтмал, газрын тосны газар нь газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын компаниудаас гэрээний дагуу төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжихэд жил бүр мөнгө татаж, 2015 онд 1.322.016.088 төгрөг, 2016 онд 1.726.721.164 төгрөгийг зарцуулсан байна.

 

Газрын тосны газрын даргын 2011 оны 211 дүгээр тушаалаар “Төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжих хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу энэ мөнгийг зарцуулж байна. Гэвч тухайн журмыг үндэслэсэн хууль нь хүчингүй болсон ч журмаа шинэчлээгүй байсан аж. Газрын тосны газар нь хүчингүй болсон хууль, тогтоолын үндэслэл бүхий журмыг шинэчлэлгүйгээр аж ахуйн нэгжүүдээс авсан хөрөнгийг Төрийн санд орлогоор бүртгэгддэггүй, арилжааны банкинд тусдаа данс нээж зарцуулсан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Мөн 2017 онд уг дансанд үргэлжлүүлэн мөнгө байршуулж, зарцуулж байгаа нь шалгалтаар тогтоогджээ.


 

ХЗЯ: Хуульзүйн салбар цэвэр үү эсвэл АТГ илэв үү

 

АТГ-ын шалгалтаар бараг л цэвэр гарсан салбар нь Хуульзүйнх. Хөрөнгө санхүү, албан тушаалын томилгооны талаар АТГ “но” илрүүлсэнгүй. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд байдаг 218 байгууллага чиг үүргийн хувьд  харьцангуй тогтвортой гэж дүгнэв.

 

Салбарын хэмжээнд сүүлийн хоёр жилийн байдлаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулж томилогдох 398 албан тушаалтны 146 нь тухайн албан тушаалд томилогдохдоо мэдүүлгээ хянуулаагүй нийтлэг зөрчил гаргажээ.  Цагдаа, хил хамгаалах, шийдвэр гүйцэтгэх, гадаадын иргэн харьяатын байгууллагууд албан хаагчдад зориулсан орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ санхүүгийн болон хуваарилалтын асуудалд ил тод байдлыг сайжруулах шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн байна.


 

БХБЯ: Хувьдаа барилгын компанитай дарга нар

 

Барилга, хот байгуулалтын яамны албан тушаалтнуудын хуулийн этгээдийн үйл ажиллагаа болон аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн талаарх судалгааг түүвэрчилсэн байдлаар гаргаж танилцууллаа. Мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газар, хэлтсийн дарга зэрэг 20 албан тушаалтныг хамруулан судалж үзэхэд тэдгээрийн 40.7 хувь нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэдний ердөө 9 нь аж ахуйн нэгжээ бусдад шилжүүлсэн бөгөөд ингэж шилжүүлснээр зөрчлөө арилгасан гэж үзэхгүй юм

 

Ажлын хэсэг салбарын хүрээнд улсын төсөв, гадаадын зээл, тусламж болон Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа нийт 36 төсөл хөтөлбөртэй танилцахад нэгэн зүйл анхаарал татсан талаар танилцууллаа. Тухайлбал, 2013-2014 онд тус бүр нь 5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5 томоохон төсөл хөтөлбөрийг “Монгол Дайван” ХХК хэрэгжүүлэхээр шалгарсан боловч тус компани барилгыг ажлын зураг төслөөс зөрүүтэй хийж гүйцэтгэсэн, чанарын шаардлага хангаагүй байжээ. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хянан шалгаж байна.  


 

ЭМЯ: 10.2 сая төгрөгийг урамшуулал нэрээр цацжээ

 

Эрүүл мэндийн яамны удирдлагын 2015, 2016 оны тушаал шийдвэрүүдээс зөрчил илэрчээ. Тухайлбал, төслийн 8 ажилтны цалингийн хэмжээг тогтоох, Филиппин, Япон, Бангладеш, Вьетнам улсад туршлага судлах, аялал, хуралд 8 мэргэжилтнийг оролцуулах, санхүүгийн ажилтны сургалтын зардалд 5.3 сая төгрөг олгох, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн хурлын зардалд 1.8 сая төгрөг зарцуулах зэрэг тушаалыг гаргахдаа захиргааны актад тавигдах шаардлага хангаагүй эрх зүйн актаар төсвийн мөнгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн 2015 онд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан яамны нийт албан хаагчдад хавтгайруулан 10.2 сая төгрөгийн урамшуулал олгосон нь төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн шагнаж урамшуулах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Зөвхөн хоол, унааны зориулалтаар 3.3 сая төгрөг зарцуулсан нь төсвийн хөрөнгөөр ой тэмдэглэх, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг даалгасан Засгийн газрын тогтоолыг зөрчжээ.

 

Тус салбар дахь худалдан авах ажиллагааны нөхцөл байдалтай танилцахад, тодорхой нэр бүхий зарим аж ахуйн нэгж жилд 2-3 тендер сонгон шалгаруулалтад шалгардаг, төсөл арга хэмжээ төсөвт өртгийн тооцооллыг бодитой хийдэггүй, хэрэгжилтэд захиалагч байгууллагын зүгээс тавих хяналт сул, 2015, 2016 оны гүйцэтгэлийн аудитаар “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлтийг өгсөн байхад зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч ажиллаагүй, баталгаажаагүй төсвөөр төсөл, арга хэмжээнүүд тусгагдсан зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн байна.


 

БСШУСЯ: Авлигын эрсдэлтэй ажлын байруудыг нэрлэв

 

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 21 албан тушаалтанд 22.5 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.

 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төсвийн хуваарилалтаас эрсдэлтэй байж болзошгүй ажил үйлчилгээг тодорхойлж танилцуулав. Үүнд харьяа салбар, дүүрэг, орон нутаг, нэгжүүдэд Сайдын багцаас тусгай зориулалтын санхүүжилт нэрээр эрх шилжүүлэн зарцуулж байгаа төсөв, мөн төрийн болон хувийн цэцэрлэгүүдэд олгож буй хувьсах зардлын санхүүжилтийг онцолжээ. Дээрх төсөв, санхүүжилтийн зарцуулалтад тавих хяналт сул байгааг цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзэж байна.

 

Ажлын хэсгээс тус салбарын хувьд эрсдэлтэй ажлын байрыг тодорхойлжээ. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудын үйл ажиллагаа явуулах эрхийн тусгай зөвшөөрөл олгодог, Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл, Палеонтологи, археологийн мэргэжлийн зөвлөл, Гадаад улсын сургалт зохион байгуулдаг, Худалдан авалт хариуцсан ажлын байрыг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй гэж үзэв.

 

Мөн яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй нэр бүхий сургууль 2015-2017 онд хувьсах зардлын санхүүжилтэд авсан 72.5 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.


 

ХХААХҮЯ: Өөртөө урамшуулал олгодог даргатай яам

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хэмжээнд давхар ажил эрхлэлт, төлбөр авах, өөртэйгөө холбоотой шийдвэр гаргахдаа мэдүүлэг, тайлбар гаргаагүй зэрэг хуулийн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн жишээ түгээмэл байв. Тухайлбал, 2016 онд Төрийн нарийн бичгийн даргын зөвлөлийн гишүүдэд хуралдаанд оролцсон оролцоогоор 1 удаагийн хуралд 1 гишүүнд 25 мянган төгрөгийн урамшуулал олгосон байна. Ийм урамшуулал олгох эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд энэ нь авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн байна.

 

Тус яамны харьяа зарим агентлагийн дарга нар тушаал гаргаж өөртөө урамшуулал, урамшуулалт цалин олгох шийдвэр гаргасан бөгөөд энэ тухай шийдвэрийг гаргахаас өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргаагүй нь мөн хууль зөрчсөн үйлдэл юм.

 

Яамны нийт албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн судалгаатай танилцахад 2017 оны байдлаар 15 албан тушаалтан ажлын бус цагаар давхар ажил эрхэлж байв. Яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн У нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 3 компанид зөвлөх, орчуулагчийн ажил хийдэг аж. Уг асуудлыг Авлигатай тэмцэх газар хуулийн хүрээнд нарийвчлан шалгаж байна.

 

Салбарын хэмжээнд 2015 онд баяр наадам, арга хэмжээ тэмдэглэх, зохион байгуулахад төсвөөс 1.3 сая зарцуулах, 2016 онд 45.1 сая төгрөгийн томилолт, тээвэр шатахууны зардлыг бусдаар гүйцэтгүүлсэн зэргээр төсвийн зардлын ангиллыг зөрчиж шийдвэр гаргах, сангийн албан хаагчдад 7.9 сая төгрөгийн үүрэн холбооны утасны хөнгөлөлт үзүүлэх, шууд гэрээ байгуулж ажлын хөлсөнд 21.7-23.7 сая төгрөг олгосон зэрэг зөрчил гарсан байна.

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд иргэн, аж ахуйн нэгжээс 2016 онд нийт 700 гаруй төсөл ирүүлснээс 212-т нь зээл олгох шийдвэр гаргажээ. Шалгарсан 212 төслийн 83 төсөлд нийт 43.54 тэрбум төгрөгийн зээл олгохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд шийдвэрлэсэн байв. Чухам ямар шалгуур үзүүлэлтээр, юуг үндэслэж аж ахуйн нэгжүүдэд зээл олгосныг Авлигатай тэмцэх газар дахин нарийвчлан судалж, дүн шинжилгээ хийхээр болжээ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгсөнтэй яг адил Ж.Рурке
2017-10-13
Зочин:
Монгол улс Засгийн газаргүй болж байгаа юм байна л даа. Өөрөөр хэлвэл УИХ нь газрын наймаачин тэрбумтан М.Энхболд толгойлсон дээд танхим, казино тоглодог тэрбумтан У. Хүрэлсүх толгойлсон доод танхимтай болж байгаа юм байна л даа . Ичээч!
2017-10-13
Зочин:
Засгийн газар нь танхимаа бүрдүүлэхийн тулд УИХ-аа авилгалдаж байгаа юм байна л даа. Нөгөө авилгалын эсрэг хууль, Ашиг сонирхолын тухай хууль Эрүүгийн хууль бүгд будаа болов. Ичээч!
2017-10-13
Зочин:
Нөгөө бие биендээ хяналт тавьдаг хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал Монголд будаа болов.
2017-10-13
Зочин:
Энэ тэгээд Засгийн газар юм уу? Парламентын доод танхим юм уу? Ичээч!
2017-10-13
Зочин:
УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүн болгож байгаа нь УИХ-ыг авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм. Ичээч!
2017-10-13
зочин:
энд яагаад БО-ны яам Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар алга байна. энэ яам, газар 2 хамгийн их авилга авч байна шүү дээ тендер, тусгай зөвшөөрөл гээд олон ажлыг будаа болгон хэн их мөнгө өлгоно тэр нь тэр бүх зөвшөөрлийг авч байна. Үнэлгээ аудитын газрын мэргэжилтэнгүүдийг бүгдийг нь солих хэрэгтэй байна. Манай дүүд мөнгө байхгүй гэтэл гарын үсэг зуруулах хурлаар нь орох гэтэл 1 саяаас дээш төгрөг өгвөл оруулаад өгнө гэж хэлсэн гэнэ. ийм юм байж болох уу Чоно борооноор гэдэг чинь энэ ер бол БОЯ бол маш авилгалд өртсөн мэргэжлийн биш, энэ тэндээс халагдсан, хасагдсан хамгийн их авилга авах дуртай юм үзээгүй хөдөөний ах дүү хамаатан садан тал талаараа дүүрсэн газар даа Хүрэлсүхээ энэ яамыг шалгуулаач
2017-10-13
Зочин:
ЗТХЯ БОЛ АВИЛГЫГ. УТГААР НЬ АВДАГ АТҮТ-Г БАТСАЙХАН ДАРГААС ЭХЛЭЭД НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ КОМПАНИУДЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ТАТВАР НД ШИМТГЭЛИИН ИХ ЗӨРЧИЛ ИЛРЭНЭ
2017-10-12
ЗТХЯ-ныханд:
Зам тээвэр хөгжлийн яам бол Авилгалын уурхай болсон газар. Манай компани Тээвэр зуучийн тусгай зөвшөөрөл авах гээд 2 жил хөөцөлдөж байна. Зуучийн зөвшөөрлийг сайд олгохгүй байгаа гэдэг боловч саяхан хүртэл хуралдаад 2, 3 компанид А.Ганбат сайд гаргаж өгсөн байгаа юм. Энийг шалгах хэрэгтэй.
2017-10-12
irgen:
shivshig, iim baidgiig chin ard tymen heleed yariad shyymjleed odii hyrlee,,,,,,,,,,tegeed odoo yamar arga hemjee avah gej baigaa um be????? Shalgaj hariuzlaga toozdog gazar ni haana baina ?????? ATG ene bygdiig shalgasan um bol yagaad shyyhed shiljyyldeggui um be ???? ATG -iin byh darga nariin bolon ajiltanguudiin buruu, ed nar er ni mash muu, ajliin yr dyn baihgui, shalgadag gazruud iim bolohoor toriin gemt etgeedyyd, luivarchid zagaandaa garchee,,,,,,,,,,,,,,,
2017-10-12
irgen:
shivshig, iim baidgiig chin ard tymen heleed yariad shyymjleed odii hyrlee,,,,,,,,,,tegeed odoo yamar arga hemjee avah gej baigaa um be????? Shalgaj hariuzlaga toozdog gazar ni haana baina ?????? ATG ene bygdiig shalgasan um bol yagaad shyyhed shiljyyldeggui um be ???? ATG -iin byh darga nariin bolon ajiltanguudiin buruu, ed nar er ni mash muu, ajliin yr dyn baihgui, shalgadag gazruud iim bolohoor toriin gemt etgeedyyd, luivarchid zagaandaa garchee,,,,,,,,,,,,,,,
2017-10-12
irgen:
shivshig, iim baidgiig chin ard tymen heleed yariad shyymjleed odii hyrlee,,,,,,,,,,tegeed odoo yamar arga hemjee avah gej baigaa um be????? Shalgaj hariuzlaga toozdog gazar ni haana baina ?????? ATG ene bygdiig shalgasan um bol yagaad shyyhed shiljyyldeggui um be ???? ATG -iin byh darga nariin bolon ajiltanguudiin buruu, ed nar er ni mash muu, ajliin yr dyn baihgui, shalgadag gazruud iim bolohoor toriin gemt etgeedyyd, luivarchid zagaandaa garchee,,,,,,,,,,,,,,,
2017-10-12
Зочин:
Yaman deeree A avdsag sh deeeee
2017-10-12
Зочин:
BOAJYA yasan beeeeeee
2017-10-12
t:
bugdiig ni khal
2017-10-12