ТҮЦ машинаас бүх төрлийн зорчих тасалбар захиалдаг болно

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

“Өвөлд бид бэлэн” өдөрлөг яг одоо Сүхбаатарын талбайд болж байна. Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн ажил болон хийх ажлынхаа талаар мэдээлэл өгч, өвөлжилтийн бэлтгэл ажлааы олон нийтэд танилцуулах үүднээс “Өвөлд бид бэлэн” нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж байна. 

 

Өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож байна.

 

Д.Батбаяр: Хил дээр ачаатайгаа бөглөрдөг асуудлыг зохицуулна

 

Өдөрлөгийн үеэр Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Өдөрлөгийн онцлогоос дурдахгүй юу?

 

-Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд маань энэ жилийн өвөлд тээврийн хэрэгсэл маань бэлэн гэдгээ танилцуулахаас гадна өнгөрсөн онд хийсэн зүйлээ тайлагнаж байна. Бид орон нутгийн бүх аж ахуйн нэгжүүдэд тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг шалгасан. Техникийн хэрэгсэл өвлийн бэлтгэлээ бүрэн хангасан байсан. Мөн Автотээврийн үндэсний төв энэ жилийг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор хийсэн ажлуудаа тайлагнаж байна.

 

 

-Энэ жил хот хоорондын 85 чиглэлийг Зам тээврийн хөгжлийн сайдаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор замналын паспорт хөтлөх ажил дунд шатандаа явж байна. Үүнийг энэ ондоо багтаан хийж дуусгана. Энэ нь тухайн чиглэл буюу замнал маань хэзээ бий болсон, хатуу хучилттай зам хэдэн км, шороон зам хэдэн км байгаа, замын хажуугийн байгууламж хэчнээн байгаа зэргийг нарийвчлан тогтоох юм. Мөн хот хооронд зорчих тасалбар бичих ТҮЦ машиныг туршиж байгаа. ТҮЦ машиныг Улаанбаатарын томоохон үйлчилгээний цэгүүдэд тавина. Мөн зарим орон нутагт тавина. Ингэснээр заавал автовокзалд очиж тасалбар бичүүлэх шаардлагагүй болно. Түүнчлэн энэ жил улс хоорондын зөвшөөрлийн бичгийг нууцлалын зэргийн QR кодтой болгож байгаа.  Гашуун сухайт боомтоор өдөрт 400-500 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Тиймээс Уул уурхайн яамтай хамтран уул уурхайн компани хооронд тохиролцоо явуулж зам дээр ачаатайгаа бөглөрч зогсдог байдлыг арилгахаар ажиллаж байна.

 

-ТҮЦ машиныг хэзээнээс хэрэглээнд нэвтрүүлэх вэ. Уг машинаас тасалбар захиалахаас гадна ямар үйлчилгээ авч болох вэ?

 

-ТҮЦ машиныг энд онд багтаан үйлчилгээнд нэвтрүүлнэ. Цаашид зөвхөн хот хооронд зорчих тасалбар бус нисэх, төмөр замаар зорчих тасалбар борлуулдаг болно. Мөн автотээвэртэй холбоотой бүх төрлийн лавлагаа авах боломжтой болгоно. Түүнчлэн тухайн тээврийн хэрэгсэл ямар хүний эзэмшилд байсан, ямар үйлчилгээ авч байсан зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг оруулна.

 

-Улс болон хот хоорондын тээвэрт хэчнээн тээврийн хэрэгсэл үйлчилж байна вэ? 

 

-Хот хооронд 71 чиглэлд 51 аж ахуйн нэгжийн 950 орчим тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Улс хоорондын ачаа тээвэрт  буюу Хятад, ОХУ-тай хиллэсэн боомтуудаар 9200 орчим ачааны машин үйлжилж байна.

 

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДСАН

 

Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгж байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд үндсэн гурван ажил хийсэн гэнэ. Нэгдүгээрт, улс, хот хооронд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй нийслэл хотод байршилтай 22 аж ахуйн нэгж байгууллагын 372 тээврийн хэрэгслийг шалгажээ. Шалгалтаар 90-ээс дээш хувьтай долоо, 90-80 хувьтай 14, 80-78 хувьтай гэж дүгнэгдсэн нэг аж ахуйн нэгж байсан аж. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт оруулах хуваарийн дагуу энэ сарын 10-ны байдлаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн 930 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагджээ. Гуравт, “Хууль бус тээвэрлэлттэй тэмцье” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн газартай хамтран орон нутгийн пост, чиглэлүүдэд 24 цагийн хяналт явуулжээ. Мөн Автотээврийн хяналтын мэргэжилтнүүдийн улсын хэмжээнд хийсэн шугам замын хяналт шалгалтаар 93465 тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан 4836 тээврийн хэрэгслийн жолоочид холбогдох арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулсан гэж байв.

 

Р.Дулам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ