О.Баасанхүү: Ч.Хүрэлбаатарыг дэмжвэл Монгол Улс сүйрнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сайдад нэр дэвшиж буй гишүүдийг ой санамжаа сэргээхийг шаардлаа. Тэрбээр Засгийн газрыг парламентаас бүрдүүлж буйг эсэргүүцэн, байр сууриа илэрхийлсэн юм.
О.Баасанхүү “УИХ-ын гишүүдийг давхар албан тушаалтай болгож байгаа нь гэмт хэрэг. Бид бол сонгуульт албан тушаалтнууд. Биднийг өөрөө өөрийгөө томил гэж явуулаагүй. Одоо 15 хүн өөрийгөө томилох нь. Тэд “Би сайд болъё” гэдэг кноп дарна. Ичихэд яана” хэмээн гишүүдээс хариуцлага нэхэв.
Мөн тэрбээр нэр дэвшиж буй сайд нарын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг дэмжвэл Монгол Улс сүйрнэ. Боловсролын сайдад нэр дэвшиж байгаа Ц.Цогзолмаа Засаг дарга байхдаа хөөгдсөн билүү, нэг юм болсон. Манай Ц.Нямдорж гуай Хуульзүйн сайд гурван удаа хийсэн. Хууль тогтоомж сайжраад, хулгайчууд нь алга болоогүй. Харин ч бүр цэцэглэсэн. Хуучин хүмүүсээс юу ч гарахгүй” гэв.
Мөн тэрбээр нэр дэвшсэн хүмүүсийг томилж, "давхар дээлтэй" Засгийн газар бүрдвэл огцруулахын төлөө эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ