Импортын улаанбуудайг ирэх сард оруулж ирнэ

Импортын улаанбуудайг ирэх сард оруулж ирэхээр болсон талаар Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Харин дотоодын улаан буудайн борлуулалт 20 гаруй хувьтай байгаа аж. Гурилын үйлдвэрүүд нэг удаагийн худалдан авалтаар 5-20 мянган тонн улаанбуудай авсан байна. Үүнээс гадна энэ сарын 9-ны байдлаар улсын хэмжээнд 204.4 мянган тонн үр тариа, 100.0 мянган тонн төмс хураагаад байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд үр тариа хураалтын явц 88.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай байна. Харин хадлан тэжээлийн хувьд 646 мянган тонн өвс хадлан, 15 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн нь жилийн өмнөхөөс 43 хувиар буурсан дүн юм. Мөн энэ сарын 7-8-нд Дархан-Уул, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий зэрэг тариалангийн бүс нутагт нойтон цас орсны улмаас 3-10 см-ийн цасан бүрхүүл үүсч, ургац хураалтын ажил түр саатаад байсан ч одоогоор ургац хураалт хэвийн үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн ургац хураалтын ажил дууссанаар ургацаа бүрэн хураасан аймгийн тоо 14 боллоо.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ