УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгээс мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын бүрэлдэхүүний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвшилцөн санал хүргүүлсэн байна. Энэ саналдаа бүх сайдыг парламентаас бүрдүүлж байгаа нь Үндсэн хуулийн олон заалтыг зөрчиж байгааг сануулжээ.
Мөн Ерөнхийлөгч Сангийн сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Уул уурхайн бизнестэй, ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдож байсан учраас Сангийн сайдад дэмжих боломжгүй гэсэн байр суурийг төрийн тэргүүн илэрхийлсэн байна. АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн энэ саналыг дэмжиж, ижил байр суурьтай байгааг бүлгийн дэд дарга Ж.Батзандан хэллээ.
Тэрбээр “МАН сонгуулиар давхар дээлнээс татгалзана гэсэн амлалт өгсөн. Мөрийн хөтөлбөрийн заалтаа эрх баригч нам зөрчиж байна. АН хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн. Үндсэн чиг үүргийн сайд нар нь УИХ-ын гишүүн байж болно. Бусад сайд нараа гаднаас мэргэжлийн хүмүүсийг сонгож, оруулж ирэх саналыг АН хүргүүлсэн. Харин Ерөнхий сайд энэ саналыг хүлээж авсангүй. Тиймээс АН Үндсэн хуулийн суурь үзэл санааг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжих боломжгүй” гэсэн мэдээллийг хийлээ.
В.Бат
Уншиж байна |