УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус бүлэг Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хэлэлцээд “давхар дээл"-тэй сайд нарыг дэмжих боломжгүй гэж үзжээ. Тус бүлгийнхэн Ерөнхий сайдтай санал солилцох үед Үндсэн чиглэлийн яамдын сайд нарыг парламентаас нэр дэвшүүлж болно. Бусад сайдыг гаднаас нэр дэвшүүлэх ёстой” гэдэг шаардлага тавьжээ. Харин уг шаардлага хангагдаагүй Засгийн танхимын сайд нарыг 100 парламентаас нэр дэвшүүлсэн нь Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайдад нэрийг нь дэвшүүлсэн Ч.Хүрэлбаатарыг эрх ашгийн зөрчилтэй гэж үзсэнийг АН-ын бүлэг дэмжиж байгаа ажээ. АН-ын бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Танай бүлэг “У.Хүрэлсүхийг багтай нь дэмжинэ” гэсэн. Энэ байр сууринаасаа яагаад ухарсан бэ?
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-АН-ын бүлэг хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүхтэй тодорхой зарчмууд дээр тохирсон. Үндсэн чиглэлийн яамд нь давхар дээлтэй байж болно. Хоёрдугаарт ашиг сонирхлын зөрчилгүй сайд оруулж ирээрэй гэсэн. Уул уурхайн бизнест нэр холбогдоогүй, нэр цэвэр сайд оруулж ир бид бүрэн бүрэдэхүүнээр нь дэмжье гэсэн. Харамсалтай нь, бүрэлдэхүүнийг харахад У.Хүрэлсүх АН-тай тохирсон зарчмаасаа хазайсан.
-Ч.Хүрэлбаатар гишүүнийг яагаад ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзсэн бэ?
-Уул уурхайн бизнест тодорхой ашиг сонирхлын зөрчилтэй хүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохгүй. Ч.Хүрэлбаатартай холбоотой олон асуудал яригддаг. “Оюутолгой”-н валютын урсгалыг Моноглын банкаар дамжуулъя гэдэг шийдвэрийг УИХ гаргасан. Гэтэл нэр дэвшигчтэй холбоотой бүлэглэл “Оюутолгой”-н мөнгийг Монголын банкаар дамжуулахыг цуцлуулсан.
- Д.Сумъяабазар банктай байх нь ашиг сонирхлын зөрчилд орох уу?
-АТГ сайдад нэр дэвшигчдийн асуудлаар ашиг сонирхлын зөрчлийн талаар бичгээ явуулсан. Д.Сумъябазар гэдэг хүнд банк байдаг талаар мэдээлэл хараахан ирээгүй байна. Банк байдаг нь ашиг сонирхлын зөрчил үүсч байна гэж үзвэл тэр тодорхойлолтоо өгөөч ээ гэж хүсэж байна.
-"Оюутолгой"-н мөнгөн урсгалыг Монголын арилжааны банкаар дамжуулъя гэхэд олон улсын шаардлага хангасан банк байдаггүй. Үүнээс болж, УИХ тогтоолоо өөрчилсөн. Гэтэл үүнийг Ч.Хүрэлбаатар гишүүнд тохож байгаа нь ямар нэг ашиг сонирхол үйлчлээд байна уу?
-Сөрөг хүчний үндсэн үүрэг бол хуулийн хэргжилтэд хяналт тавих ёстой. ОУВС-гийн асуудалд болгоомжтой хандах ёстой гэсэн байр суурьтай байдаг.
ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн олон улс орнууд эдийн засгийн хувьд дампуурал руу явдаг. Нөхцөлөө тулгадаг, зээл олгохдоо нөлөөгөө тогтоох гэж оролддог. Оюутолгойн мөнгөний урсгалыг Монголоор дамжуулж болохгүй гэдэг заалтыг гэрээнд оруулаагүй хэрнээ гэрээнд байхгүй заалт биднээс шаардаж байгаа. Ийм тохиролцоо хийгээгүй. Гэтэл ОУВС-тай далдуур хуйвалдсан хэсэг улстөрчид гэрээний нөхцөлд оруулаагүй зүйлийг Засгийн газарт тулгасныг буруу гэж үзэж байгаа.
Н.Энх
Уншиж байна |