Хувийн хэвшлийн түншлэл дээр ажил явагдана

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тус байнгын хорооны хуралдаанаар БХБ-ын сайдаар Х.Баделханыг томилохыг дэмжсэн.Дараагаар нь ЗТХ-ийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Автозамыг сайжруулах хэрэгтэй байна. Замын стандарт гэж байна уу. Үүнийг өөрчилж болдог уу?
-Автозамын стандартыг батлах, өөрчлөх асуудлыг их ярьдаг. Замын стандарт хийгдсэн. Тухайн орон нутаг байгаа замыг аль зэрэглэлээр хийх вэ гэдэг тооцооллыг хийдэг. Орон нутгийн зам гуравдугаар зэрэглэлээр явж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Ярихад амархан, хийхэд хэцүү байдаг. Концесс гэдэг бол улсын төсвөөр хийж болохгүй өндөр өртөгтэй ажлыг бусдаар хийлгэдэг. Өмнөх Засгийн газар концессоос болж огцорсон. Цаашид концесс гэдэг зүйлийнхээ утгыг олоорой. Автозамын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулах ажлыг хэрэгжүүлээрэй.
-Өмнө нь хийгдэж байсан ажлуудыг эргэж харна. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хүссэн хүсээгүй хувийн хэвшлийн түншлэл дээр ажил явагдана.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Шинэ нисэх буудлын барилгын ажлын явц ямар байна вэ?
-Шинэ нисэх онгоцны буудал 65 тэрбум иенийн хүрээнд босч байгаа. Он дамжаад ашиглалтад орох байх. Хамгийн гол нь оператор компанийг зайлшгүй сонгон шалгаруулах шаардлагатай. Бэлтгэл ажил хагас жилээс жилийн хооронд хийгддэг.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох уу?
-Алдаа дутагдал гаргасан хүмүүст хариуцлага тооцно. МИАТ-ийн зөвшөөрөл давхацсан гэж байна. Энэ нь алдаа гэж харахаасаа илүү ямар бодлого байгааг харах хэрэгтэй.
Ингээд ЗТХ-ийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Дараагаар нь УУХҮ-ийн сайдад Д.Сумъяабазарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ