Журмын нөхөд маань надад албан тушаал ”тулгасан”

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Ерөнхий сайдад Засгийн газрын танхимын нэр дэвшигчдийг танилцуулсны дараагаар Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томилох асуудлыг хэлэлцэж байна.

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Үүний дараагаар  хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Хэдхэн хоногийн өмнө “бидэнтэй ойлголцох хэрэгтэй” гэж байсан. Албан тушаалаар ойлголцох байсан юм уу, Ө.Энхтүвшин дарга аа. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй. Ойлголцоогүй үлдсэн хүмүүсээ яах вэ. Яагаад дэд сайдаас татгалзаж чадахгүй байна вэ, Ерөнхий сайд аа. Сайд нарын цалинг хэмнэж байгаа гэсэн сэтгүүлчдэд өрөө гаргаж өгөх үү. Нэг хүнд хоёр өрөө хэрэггүй. Сэтгүүлчид өрөөгүй гээд нэг өрөөндөө шахцалдаж байдаг юм билээ.

 

Нэр дэвшигч Ө.Энхтүвшин:

 

-Ойлголцож чадсан. Ямар нэг албан тушаалын тохироогоор биш. Үзэл бодол, зарчим, үнэт зүйл, олон түмний өмнө хүлээж байгаа хариуцлага дээрээ ойлголцсон. Би эхлээд энэ Засгийн газарт залуучуудыгаа түлхүү оруулъя гэж бодсон. 6 хүн дээр ярьсан, хөөцөлдсөн. Зарим нь болсонгүй. Тэр шатан дээр журмын нөхөд маань эргэж ярилцаад, “улс орны байдал амаргүй байна. Төрийн ажилд одоо зүтгэ. Одоо зүтгэхгүй бол хэзээ зүтгэх вэ” гэж тулгасан. Энэ дагуу шийдвэрээ гаргаад явж байна. Би өөрөө гаргасан юм биш. Журмын нөхдийн шийдвэр. Тиймээс энэ сонголтыг хийж байна. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд өмч хувьчлалын асуудлыг шууд хариуцахаар тусгаагүй. УИХ-аас өмч хувьчлалын бодлогыг гаргадаг. Энэ дагуу ажиллана. Ямар нэг дарамт ирээгүй.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад албан тушаал хашиж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг. Энэ заалтын дагуу би кабинетаа парламентаас бүрдүүлж байна. Мөн Ерөнхий сайд парламентаас биш гаднаас томилогдсон. Би Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ олон зүйлийг бодсон. Улс орны өмнө шийдвэрлэх олон асуудал байна. Тийм учраас би бяртай, чадалтай  сайд нараар танхимаа бүрдүүлэхийг зорьсон. Гаднын жишгийг ч судалж үзлээ. Англи, Герман Австрали, Канад, Сингапур, Малайз зэрэг улс  парламентын гишүүдээсээ Засгийн газраа бүрдүүлж байна. Дан, давхар дээлний асуудал улс төр хийсээр байгаа. Үүнийг цэглэх хэрэгтэй. Би хувь хүнийхээ хувьд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн байр сууринаас хандаж байгаагүй. Тэр дундаа хямралын үед парламентын гишүүдээс Засгийн газраа бүрдүүлдэг байх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Эрх барьж байгаа МАН-ын бүлэг 65 дотроо хэлэлцээд Засгийн газраа томилох байсан бол эхнээсээ талцах хэрэг байсан уу. Бүлгийн хурал дээр хэрүүл тэмцэл ширүүссэн. Ийм нөхцөл байдалд хүргэж байж энэ хэмжээний тохироо хийх байсан бол харамсаж байна. Засгийн газар тогтворгүй болох нөхцөл байдал эхлэх үед би хамгийн түрүүн саналаа хэлж байлаа. Өнөөдөр бүх зүйл тохирсон гэж байна. Ерөнхий сайд Засгийн газраа тэргүүлээд, уул уурхай дагасан асуудлаа цэгцлээрэй гэж хэлье. Би хоёр тусдаа хуралдаад байгаа бүлгийн хуралд оролцохгүй байгаа. Бие биенийхээ хоолой дээр хутга тавихаар хэмжээний байдалд хүрч байна, МАН-ын бүлэг.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Таныг албан тушаалын төлөө сайд болоогүй гэж бодож байна. Үзэл бодолдоо үнэнч явсны төлөө шалгуулсан. Засгийн газрыг хууль бус ажиллагаа хийсэн гэж огцруулсан. Алдааг нь залруулах хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг дэндүү их улстөржсөн. Хүүхдийн мөнгийг хууль бусаар олгосны улмаас өнөөдөр хүүхдүүдэд мөнгө олгох боломжгүй болсон байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Нэр дэвшигч Ө.Энхтүвшин Би өөрөө гаргасан юм биш. Журмын нөхдийн шийдвэр. Тиймээс энэ сонголтыг хийж байна. гэж байна Нөгөө дургүй ламыг дарж байж сахил өргүүлнэ гэгч юм болж байх шив дээ,Больж үз.Чадна гэсэн хүнд нь наад ажлаа хариуцуул!!! Ингэж ярьж сэтгэж байгаа хүн яаж төрийн ажлыг гацаахгүй хийж чадах юм?!?!?!
2017-10-18
зочин:
Бид л өөрсдөө энэ балайнуудыг сонгож гаргаж ирсэн биздээ. 76 балайг сонгож байхаар 1 -хан цэцэн хүчтэй ерөнхийлөгчтэй болъё.
2017-10-18
Зочин:
Ичиж үхээ Энхтүвшээн
2017-10-18
Зочин:
Журмын 32 гишүүн нь албан тушаал тулгасан гэнэ. Нөгөө 33 нь та сайд болж хэрэггүй гэсэн байна лээ. Олонхийн биш цөөнхийн саналаа дагасан хүн шүү. Нийт 65 гишүүнээс өөрийг нь хасвал 31 журмын гишүүнтэй хүн . Яг үнэндээ лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг чинь энэ
2017-10-18
Зочин:
Энхтувшин гишуун сандалын телее ичих нуургуй тэмцдэг болж дээ одоо болимоор юм даа
2017-10-18
Иргэн:
Хүрэлсүхийг барьж байх гэсэн Ми овогтын бүлэглэлийнхний оролдлого яах аргагүй мөн дөө.
2017-10-18