П.Мөнхсувд: Бүсгүйчүүд зун л нарны тос түрхдэг гэсэн буруу ойлголттой байдаг

Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах талаар “Синдерелла” арьс гоо заслын эмнэлэгийн Арьс гоо заслын их эмч П.Мөнхсувдтай ярилцлаа.
-Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд өвлийн улиралд бүсгүйчүүд маань арьсаа хэрхэн хамгаалах ёстой вэ?
-Өвлийн улиралд тасалгааны температур, гадаад орчны температур харилцан адилгүй байдаг учраас эрс тэс уур амьсгал явагддаг. Хүний бие махбодь хэвийн нөхцөлд байж байгаад гадагшаа гарч температур буурахад арьсны өнгөц судаснууд агшдаг. Үүнийг дагаад тэжээлгүй болж илүү их хуурайшилт явагдаж гууждаг. Хүн бүрийн арьсны онцлог харилцан адилгүй учраас өвлийн улиралд арай өөр цэвэрлэгээ сонгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл тослог, тос агуулсан бүтээгдэхүүн илүү хэрэглэх ёстой. Бүсгүйчүүд маань өвлийн улиралд нөгөө л крантны хүйтэн усаар, нөгөө л хөөсрүүлэгчээ хэрэглэсээр л байдаг. Нэг үгээр хэлбэл крантны хатуулагтай ус өвлийн улиралд тохиромжгүй гэсэн үг. Мөн хэт халуун усаар нүүрээ угаах нь маш буруу. Учир нь халуун ус нь тослогийг байхгүй болгодог. Иймд крантнаас гарч байгаа нүүрээ угаах усаа зөв зохицуулах нь чухал. Өөрөөр хэлбэл цэвэршүүлсэн ус буюу буцалсан усаар угаах нь илүү тохиромжтой. Харин хуурай арьстай хүмүүсийн хувьд илүү тослог агуулсан сүүн шингэн хэрэглэх, батга гардаг холимог арьстай бол тослог хэсгээрээ спирт агуулаагүй тоникоор арчиж, бусад хэсгийг угааж цэвэрлэж болно. Эмзэг арьстай хүний хувьд өвөл хуурайшан, юм гарах нь ихэсдэг. Үүнээс болж загатнаж харшилдаг. Иймд өөрийнхөө арьсанд зохицсон бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал. Хамгийн гол нь дээр дурдсан крантны усыг шууд хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Мөн бусад улиралтай харьцуулахад арьсаа илүү чийгшүүлэх нь чухал. Цусан хангамж багассан, хуурайшилт болон гуужиж байгаа арьсыг сайн чийгшүүлэх, усан суурьтай бүтээгдэхүүнээс татгалзаж аль болох тосон суурьтай бүтээгдэхүүн хэрэглэх нь зохимжтой.
-Өвлийн улиралд гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн арчлах вэ?
-Хэт хүйтрэх үед арьсанд цочрол өгч хуурайшдаг. Гэрийн нөхцөлд зөгийн балыг өндөгний шартай холиод маск тавьбал тэр нь хуурайшсан арьсанд зориулагдсан үйлчилгээтэй болно. Харин зөгийн балыг өндөгний цагаантай холивол холимог арьсны маск болно. Мөн ногоон огурцыг нимгэн зүсээд нүүрэндээ тавьбал арьс чийгшүүлж, цайруулах, нөсөө толбоны эсрэг үйлчилгээтэй байдаг.
-Цэвэрлэгээ маш чухал. Арьсаа яаж бүрэн цэвэрлэх ёстой байдаг юм бол?
-Арьсаа орой бүр залхууралгүй угааж өөрийн арьсны онцлогт тохирсон тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Шүдээ өдөр бүр угаадаг шигээ дадал болгох нь чухал. Үе үе арчилгаа хийгээд болиод байхаар арьс цочрох аюултай. Үнэтэй биш энгийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж нүүрэндээ арчилгаа сайн хийх юм бол асуудал гарахгүй. Манайхны бас нэг алддаг зүйл бол гараа давхар арчилдаггүй явдал. Гарандаа санасан үедээ л тос түрхдэг. Ер нь нүүрээ яаж арчилж байна гараа ч гэсэн адилхан арчлах ёстой.
-Нарны тосыг өвөл хэрэглэх шаардлагатай гэдэг юм билээ. Яагаад?
-Манай охид бүсгүйчүүд зөвхөн зун л нарны тос түрхдэг гэсэн буруу ойлголттой байдаг. Цас орсны дараа нарны туяа цасан дээр ойн буцаж нүүр рүү ирснээр арьсыг гэмтээх хөгшрүүлэх нөхцөл болдог. Зуны улиралд SPE 50-тай нарны тос хэрэглэдэг байсан бол арай бууруулж 20,30 болгон багасгаж болно. Иймд нарын тосыг орхигдуулж, мартаж ерөөсөө болохгүй. Мөн энэ улиралд маш их энерги зарцуулж шингэний дутагдалд ордог. Жишээлбэл, найман аяга ус уудаг байсан бол 10 болон түүнээс дээш аяга ус ууж усны төвшинг нэмэх шаардлагатай.
-Нүүрээ гуужуулах тал дээр бүсгүйчүүд өөр, өөр ойлголттой байдаг. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч?
Манайхан арьсаа гуужуулаагүй байж тос түрхээд байдаг. Тэгээд тос нөлөөлөхгүй байна гэдэг. Үхжсэн арьсаа гуужуулсны дараа эрүүл арьсан дээр тэжээлийн тос түрхвэл сайн нөлөөлдөг юм. Бүсгүйчүүд арьсаа арчилж байна гээд өдөр болгон маск тавиад л гуужуулаад байдаг. Долоо хоногт 2-3 удаа маск тавихад хангалттай. Монголын нөхцөлд арьс мэдрэмтгий болчихсон байдаг учраас хоёр удаа гуужуулахад болно. Гэхдээ арьсыг гүн гэмтээдэг, ширхэгтэй гуужуулалт гэхээсээ илүү гель хэлбэрийн гуужуулалтыг сонгох хэрэгтэй. Гуужуулахгүй бол дагтаршсан, зузаарсан хуурайшсан мэт харагддаг. Гуужуулалт хэрэглэхгүй үхэжсэн эсийг холдуулахгүй бол цаана байгаа гоё арьс нь харагдахгүй гэсэн үг. Иймд гуужуулагч маш чухал.
-Өвлийн улиралд шингэн пудр, хуурай пудр хоёрын аль нь зохимжтой вэ?
-Энэ улиралд чийгшүүлэлт, цэвэрлэгээ чухал. Гэхдээ өвлийн улиралд шахмал пудр илүү зохимжтой.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ