Надад нэг ширхэг ч лиценз байхгүй

УИХ-ын чуулган цаг сунган хуралдаж байна. Хуралдаанаар Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэр дэвшигч гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг үргэлжлүүлэх үү. Таныг лиценз худалдсан гэж ЕТГ-ын дарга цахимдаа жиргэсэн байна. Энэ талаар тайлбар хэлэхгүй юу?
-Хүүхдийн мөнгийг 2017 оны төсөвт нийт хүүхдийн 60 хувьд олгоно гэсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нийт хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгоно гэж хууль зөрчсөн. Үүнийг ОУВС-д ойлгуулаад нийтэд нь олгохоор болсон. Хэрвээ намайг Сангийн сайдаар томилвол ОУВС-тай гэрээ хэлэлцээ хийнэ.
2006 онд УИХ-ын даргыг Ерөнхий сайд байхад би Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг хийсэн. Харамсалтай нь энэ гэрээ хэлэлцээрийг УИХ дэмжээгүй. 2009 он Оюутолгойн гэрээ хийхэд би оролцоогүй.Үүнийг би хариуцлагатай мэдэгдэж, няцаая. Хоёрдугаар Монголын алтыг Монголбанкаар дамжуулахыг болиуллаа гэж байна. Монголбанкаар алтыг дамжуулах шийдвэр гаргахад ОУВС-гийн хэлэлцээр гацлаа гэсэн. Тиймээс Төсвийн байнгын хороо санаачлан хийх нэгдсэн шийдвэрт хүрсэн. Энэ бол МАН-ын хамтын шийдвэр. Тиймээс би “энэ шийдвэр над руу дайрсан гал ирнэ. Би улс орноо өрөнд оруулсан энэ үед галыг өөр дээрээ авъя” гэсэн. Би болон манай ах нар нэг ширхэг ч лиценз зараагүй. Би нэг ширхэг ч лиценз авч үзээгүй. Миний ах нар барилгын бизнес явуулж байгаад 2013 онд зогсоосон. Би болон миний ах нар төрөөс нэг ширхэг ч концесс, тендэр авч үзээгүй. Бидэнд тийм ёс зүй бий.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Төсвийг бодитой хөрсөн дээр нь авчрах хэрэгтэй байна. Энэ талаар ОУВС-тай хэлэлцэх үү? Төсвийн алдагдлыг бууруулах тал дээр ямар ажил хийх вэ?
-ОУВС-тай энэ асуудлаар дахин хэлэлцээр хийнэ. Өнөөдөр Монгол Улсын төсөв 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Өөрсдөө давсан тоо тавьчихаад эдийн засаг өслөө гэж байна. Ингэж болохгүй.
Төр өндөр хүүтэй зээлийг дотоодын арилжааны банкуудаасаа авахыг тэглэнэ. Ингэвэл дотоодын арилжааны банкууд хувийн хэвшилд зээл олгоно. 2018 онд дотоодоосоо өндөр хүүтэй зээл авахгүй. Ингэж чадвал бид өрийг бууруулах боломжтой. Ингэж чадвал Монгол Улсын төсөв эрүүлжинэ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ