Ц.Алтанзаяа: Охин хоол тэжээлийн дутагдалд орсон нь тогтоогдсон
Таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн гэх хэрэг гарсан. Охин Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхдийн тусламжийн утас -108” төвийн түр хамгаалах байранд байгаа юм байна. Тиймээс энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяагаас тодрууллаа.
-Журмын дагуу түр хамгаалах байранд хэдэн хоног байрлуулдаг вэ. Тэндээс гараад охин хаана очих вэ?
-Баянзүрх дүүргийн хорооны хамтарсан багийн гишүүд хуралдаж, холбон зуучлах үйлчилгээ хийн охиныг эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн. Одоогийн байдлаар хүүхэд маань эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түр хамгаалах байрны журмын дагуу хүчирхийлэлд өртсөн, эрсдэлт нөхцөлд байгаа, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийг 72 цаг хамгаалалтад авдаг. Гэхдээ тухайн хүүхдийн нөхцөл байдлаас шалтгаал мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу зургаан сар хүртэлх хугацаагаар түр хамгаалалтад авдаг. Тэгэхээр бид охиныг эмнэлгээс гарсны дараа сэтгэлзүй болон нөхөн сэргээх эмчилгээ хийх ёстой. Шаардлагатай тохиолдолд асрамж халамжийн газарт шилжүүлнэ.
-Охинд одоогоор ямар эмчилгээ хийж байна вэ?
-Охиноос ерөнхий шинжилгээ авсан. Ерөнхий шинжилгээгээр хоол тэжээл болон витамины дутагдалд орсон нь тогтоогдсон. Мөн бөөр нь өвчилсөн байна лээ. Тиймээс охинд шаардлагатай эмчилгээг хийж байгаа.
-Охиныг асрамжийн газарт өгөлгүйгээр нагац эгчид нь өгөх ч юм уу, өөр арга байхгүй юу?
-Бид охиныг түр хамгаалах байранд авахаар очихдоо нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн амьдарч байсан орчин эрсдэлтэй гэж гарсан учир охиныг түр хамгаалалтад авах шаардлагатай болсон. Одоогийн байдлаар энэ хэрэг хуулийн байгууллагад шилжиж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Хуулийн байгууллагын шийдвэрээс шалтгаалж хүүхдийн асран хамгаалагчийг тогтооно. Тухайн хүүхдийн төрөл садан нь асрамжлах боломжгүй байвал бид хүүхдийг төрийн хамгаалалтанд авна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ