Э.Чулуунцогт: Засгийн газар сонгон шалгаруулалт нэрээр малчдын газрыг булааж байна

Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн малын бэлчээр сүйдэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа талаар Дорноговь аймгийн Даланжаргалант сумын малчид, ард иргэд мэдээлэл хийлээ. Даланжаргалант сумыг төлөөлж 20 гаруй малчин хүрэлцэн ирсэн байлаа.
Ашигт малтмалын газрын тосны газраас тус сумын гурван багийн малчдын гол бэлчээр болох Алаг толгод, Гашуун, Залаатад 12664 га талбай хамарсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа аж. Тус тендерийн ялагчийг энэ сарын 23-нд тодруулж , зөвшөөрөл олгоход бэлэн болсон гэнэ.
Энэ үеэр малчин Э.Чулуунцогт “Бид малчдын төлөөлөл болон ирлээ. Бид наймдугаар сараас хойш эвлэлдэн нэгдэж нутаг орноо хамгаалъя хэмээн нэгдэж эхэлсэн. Энэ талаар аймгийн удирдлага болон АМГТГ-т “Тендерээ цуцалж өгнө үү” гэсэн шаардлагыг энэ сарын 12-нд хүргүүлсэн. Мөн Хүрэлсүх сайд, УИХ-ын өргөдлийн байнгын хороонд 900 хүний гарын үсэгтэй тендер зогсоох шаардлагыг хүргүүлсэн. Одоогийн байдлаар бидэнд хариу ирээгүй байгаа. Ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрлийг аймгийн удирдлага, орон нутгийн малчдаас зөвшөөрөл аваагүй. Энэ бол засгийн газар сонгон шалгаруулалт нэрээр малчдын газрыг булааж байгаа хууль бус үйлдэл. 1999 оноос хойш манай Даланжаргалан суманд уул уурхайн үйл ажиллагаа явуудсан. Одоогийн байдлаар 70-аад хувь нь уул уурхай, хайгуул, ашиглалтын лиценз болоод байна” гэлээ.
Мөн “Манай сумын газар нутгийн 70 хувьд уул уурхай ажиллаж байна. Малчид бид үлдсэн газраа өгөхгүй, тэмцэнэ ” гэж байлаа.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ