Нэг иргэнд ногдох ногоон байгууламжийг 30 ам.метрт хүргэнэ

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Дүүрэг, хороололд бичил цэцэрлэг байгуулж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө боловсруулах ажил хийж байна. Цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө гүйцэтгэх ажилд шалгарсан “Нью урбанизм” компани 2017 есдүгээр сарын 19-нд нийслэлийн Байгаль орчны газартай гэрээ байгуулсан.
Хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчны газар, “Нью урбанизм” компани хамтран зохион байгууллаа.
УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд тавьсан зорилтод хүрэх удирдамж буюу хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн дунд хугацааны бодлогын баримт бичиг байх бөгөөд Улаанбаатар хотын хилийн цэсийн буюу төвийн зургаан дүүргийн 35206 га эдэлбэр газрын хүрээнд боловсруулах аж. Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд 2010 оны байдлаар нэг хүнд ногдож буй 1.5 ам.метр ногоон байгууламжийг 2020 онд хүртэл 15 ам.метр, 2030 он гэхэд 30 ам.метр хүргэх зорилго тавьсан гэнэ. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд жил бүр 165-218 га газрыг нэмэгдүүлэх шаардлагатай болно. Үүнд асар их хэмжээний хөрөнгө оруулалт, зохион байгуулалтын арга хэмжээ, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа байхаас гадна хувийн хэвшлийн оролцоог хэрхэн бий болгох талаар оновчтой зохицуулалтууд шаардлагатай болно гэдэг нь харагдаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ