ЖДҮ-д 60 сая ам.долларын зээл олгоно

img

 

 “Түншлэлийн хүрээнд жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт уулзалт “Туушин” зочид буудалд яг одоо болж байна. Уулзалтыг АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагын хамтарсан “Reach” төслөөс зохион байгуулж байгаа юм. Мөн уулзалтад АНУ-ын Элчин сайдын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн хороо, Зээлийн батлан даалтын сан, Монголбанк зэрэг төрийн байгууллагууд болон “Reach” төсөлтэй хамтран ажиллаж буй арилжааны банкууд, олон улсын төсөл, хөтөлбөрүүд, их, дээд сургуулиуд, бизнес хөгжлийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид оролцож илтгэл тавиж байна. 

 

“Reach” төсөл манай улсад 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжсэн бөгөөд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүжилт олоход нь дэмжлэг үзүүлдэг юм. Төсөл хэрэгжсэнээс хойш 6000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчийг үйл ажиллагаандаа хамруулж, 520 гаруйд нь амжилттай зуучилж 40 гаруй тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ үеэр албаны хүнээс зарим зүйлийг тодрууллаа.

 

Б:Хишигсүрэн: 40 гаруй тэрбум төгрөгийн зээл авахад дэмжлэг үзүүлсэн байна

 

Reach төслийн менежер Б.Хишигсүрэн

 

-Энэ жилийн уулзалт өнгөрсөн жилийнхээс юугаараа онцлог вэ. Уулзалтын үр дүнг юу гэж харж байна вэ?

 

-АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Reach” төсөл нь өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж байна. Төслийн маань гол зорилго жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүжилт олж авахад нь дэмжлэг үзүүлэх. Төслийн хүрээнд өнгөрсөн жил арилжааны банк, төрийн байгууллагуудтай хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих уулзалт зохион байгуулсан. Уг уулзалтын зорилго нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан. Энэ жилийн уулзалтыг эрдэмтэн, судлаачидтай хамтран академик түвшинд асуудлыг хэлэлцэж байна. Уулзалтаар жижиг, дунд бизнес эрхлэх орчны судалгаан дээр үндэслэн зөвлөмж боловсруулж, арилжааны банк, болон төрийн байгууллагад зөвлөмж хүргэнэ.

 

-Төсөл хэзээнийг хүртэл үргэлжлэх вэ. Энэ хугацаанд гүйцэтгэх ажлаасаа дурдахгүй юу?

 

-Төсөл маань хоёр жилийн хугацаатай. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас хойш бид 520 жижиг, дунд бизнес эрхлэгчийг олон улсын байгууллагын төсөл, арилжааны банкид амжилттай зуучилж 40 гаруй тэрбум төгрөгийн зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн байна. Төсөл өндөрлөхөд хагас жилийн хугацаа үлдсэн байна. Энэ хугацаанд аль болох олон бизнес эрхлэгчийг төсөлд хамруулж, зээл авахад нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.

 

-Жижиг, дунд бизнес эрхлэгчид зээл авахад тулгамдаж буй асуудал нь юу байна вэ?

 

-Арилжааны банк болон олон улсын төсөл хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгохдоо тодорхой шаардлага тавьдаг. Энэ шаардлагад нийцүүлэхэд “Reach” төсөл тусалдаг. Зээлийн материал бүрдүүлэх, болон төслөө хэрхэн бичих зэрэг төсөлтэй холбоотой бүх зүйл дээр манай төсөл ажилладаг. Жижиг, дунд бизнес эрхлэгчид сахнүүжилт олж авахад хамгийн их тулгамддаг зүйл нь барьцаа хөрөнгийн дутагдал. Мөн хөнгөлөлттэй зээл авахдаа шалгуурт нь нийцүүлж бичиг баримтаа бүрдүүлэх, төслөө бичих шаардлага зэрэг асуудлууд тулгарч байна. 

 

-Хөдөө орон нутагт жижиг, дунд бизнес эрхлэлтийг хоршооллоор хөгжүүлэх хандлагатай байдаг. Танайд хоршоолол хэр хандаж байна вэ?

 

-2007 онд батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрлэлийн хууль”-ийн дагуу таван тэрбумаас доош орлоготой байх зэрэг тодорхой хязгаар тавьсан байдаг. Гэхдээ бид зөвхөн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйлчилнэ, хоршоодод үйлчлэхгүй гэдэггүй. Манай төсөл Улаанбаатарт төдийгүй Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Сэлэнгэд хэрэгжиж байгаа. Эдгээр хэсэгт хоршоод нэлээд байдаг. Тиймээс хоршоод манай үйл ажиллагаанд хамрагдан сургалтад хамрагдан зээлийн зуучлалын үйлчилгээ авах боломжтой.

 

Б.Гантуяа: 13 мянган ажлын байр бий болгоно

 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн удирдагч Б.Гантуяа

 

-Танай төсөл хэзээнийг хүртэл үргэлжлэх вэ. Төслөө товч танилцуулахгүй юу?

 

-Өмнөх төслүүдээс илүү шинэлэг. Жижиг, дунд бизнес эрхлэгчид зээл авахад зээлийн хүү нь өндөр, хугацаа богино байдаг. Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэгчид хүссэн зээлээ авч чаддаггүй. Тиймээс Батлан даалтын сантай хамтран уг төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төсөл маань таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Монгол Улсад урт хугацаатай олгож буй зээлээр орж ирж байгаа. Төслийн хүрээнд 13 мянган ажлын байр бий болгоно. Мөн эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хамааралтай биш болох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Төслийн гол зорилго нь Монгол Улсын банк санхүүгийн байгууллагад урт хугацаат зээл оруулах. Жижиг, дунд бизнес эрхлэгчид 10 хүртэлх жилийн хугацаатай зээл авах боломжтой болох юм. Мөн энэ зээлийн хүү нь зах зээлээс 2-3 дахин бага байна. Түүнчлэн Батлан даалтын сантай хамтарч байгаа гэдэг утгаараа барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувийг нь улсаас батлан дааж байгаа.

 

-Төслийн хүрээнд хэчнээн төгрөгийн зээл олгох вэ?

 

-Азийн хөгжлийн банк 60 сая ам.долларыг зээлийг Засгийн газарт таван жилийн хугацаатай олгож байгаа. 60 сая ам.долларыг 18 жилийн хугацаанд эргэлдүүлэх боломжтой. Тиймээс уг төслийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхэлэгчдийн санхүүгийн асуудал шийдэгдэх бүрэн боломжтой.

 

-Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

 

-Анхны гэрээгээ өнгөрсөн есдүгээр сараас Худалдаа хөгжил болон Төрийн банктай байгуулсан. Банкуудад жижиг, дунд бизнес эрхлэгчид материалаа ирүүлээд эхэлсэн  байгаа. Цаашид Азийн хөгжлийн банкны шалгуурыг хангасан банк хамтран ажиллах бүрэн боломжтой.

 

-Шалгуур нь юу байх вэ. Бизнес эрхлэгчид хамгийн ихдээ хэдэн төгрөгийн зээл олгох вэ?

 

-Төсөл орон даяар хэрэгжиж бүх бизнес эрхлэгчийг дэмжих зорилготой байгаа. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчид тийм ч өндөр шалгуур тавихгүй байгаа. Нэг жил үйл ажиллага явуулсан, барьцаа хөрөнгийн дутагдалтай хэмжээ 30-60 хувьтай байна. Зээлийн дээд хэмжээг нэг тэрбум байхаар тусгасан. Харин хүүгийн хувьд барьцаа хөрөнгөөс шалтгаалан жилийн 12-15 хувийн хүүтэй байна. Мөн 60 сая ам.долларын хөрөнгийн маань 80-60 хувь нь 10 хүртэлх жилийн хугацаатай олгогдоно. 

 

Р.Ренчиндулам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
10-12 хүү ч бас л өндөр бна, сарын 1 гэсэн үг бна
2017-10-25
Mgl:
Za yahav.tor zasag 2l zuild ih anhaarah yum.dund ni bas neg anhaarah yostoi zuil ulddeg.1.rt toriin alban haagchidaa ih yaridag 2.rt jijig dund uildverlel .Medeej demjih yostoi.huviin threshold ajillaj amidarch bga irged yahvee.tedend er ni zoriulsan ulsiin niigmiin bodlogo bnauu.bval medej avah yumsan.
2017-10-25