Томуугийн үед антибиотик хэрэглэж болохгүй
2017-10-26

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх сургалтуудыг нийслэлийн дүүргүүд болон хөдөө орон нутагт зохион байгуулж байгаа билээ.  Энэ хүрээнд “Эмийн зохистой хэрэглээ” сургалтыг өнөөдөр Баянгол дүүргийн  Эрүүл мэндийн төвийн  Эмийн эмчилгээний хороотой хамтран зохион байгууллаа.

 

Хүйтний эрч чангарч, томуугийн вирүсийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед антибиотикийг дур мэдэн замбараагүй  хэрэглэж болохгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

 

 Антибиотик нь зөвхөн тухайн эмэнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэх чадвартай бол амьсгалын замын халдварт өвчин вирүсээр үүсгэгддэг аж.  Тиймээс антибиотикийг хоолой сөөх, ханиад, томуугийн үед хэрэглэж болохгүй гэнэ.

 

Түүнчлэн антибиотикийг зөвхөн эмчийн бичсэн жорын дагуу тун хэмжээ, хэрэглэх зааврыг ягштал баримтлан хэрэглэж байж  үр дүнд хүрдэг ажээ. Антибиотикийг дур мэдэн хэрэглэх нь антибиотик тэсвэржилт үүсч, дасалтай болдог аж. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол тэр антибиотик төдийгүй түүнтэй адил бүлгийн бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай бөгөөд эмийн хордлого, гаж нөлөө илэрч эхэлдэг гэнэ.

 

Р.Дулам

 

 

 

Shuud.mn
Сонин хачин