Ерөнхийлөгчийн хоригоор АН завсарлага авав

Хуульзүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Тус байнгын хороогоор Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “УИХ-ын хууль, бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж, мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хоригтой давхацвал зарим хэсгийг мөрдөхийг түр зогсооно гэсэн. УИХ-ын 58 дугаар тогтоолоор Засгийн газрын гишүүдийг томилсон. Тэгвэл өнөөдрийг хүртэл Засгийн газрын гишүүдийн гаргасан шийдвэр хууль бус гэж тооцох уу” гэсэнд Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
-Энэ талаар 2005-2009 оны хооронд журам маягийн зүйл байдаг. Хэрвээ тэдэн цагийн дотор үйлчилнэ гэсэн тохиолдолд 24 цагийн дотор Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй байсан. Энэ заалт байхгүй болсон. Харин хориг тавьсанаар Сангийн сайдын албан тушаал түдгэлзэх заалт үйлчилнэ гэлээ.
Ийнхүү Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
УИХ-ын чуулган дээр гэнэт УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудал жагсаалтад орж ирсэн. Энэ хориг энэ сарын 26-ны өдөр ирсэн. Өнөөдөр өглөөг хүртэл манай бүлэгт энэ асуудал орж ирээгүй. Тиймээс АН-ын бүлэг энэ асуудлыг бүлгээрээ хэлэлцэх ёстой. Тийм учраас бүлгийн хурлаа хийж, шалтгааныг судлах учир АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авъя гэв.
-Ерөнхийлөгчийн хориг ирсэн тохиолдолд 14 хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой. Өнөөдрийн нөхцөлд энэ хугацаанд ирэх оны улсын төсөв хэлэлцэн батална. Сангийн сайд улсын төсөв хэлэлцэх үед байхгүй байж болохгүй. Тиймээс АН-ын бүлэг нэг цагийн дотор энэ асуудалд байр сууриа нэгтгэнэ үү. Нэг цагийн завсарлага өгье хэмээн Хуульзүйн байнгын хорооны дарга мэдэгдлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ