“Нүдээ нээ”-д 1760 гарын үсэг цуглажээ

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд  зохион байгуулдаг “Үндэсний өгөх өдөр”-өөр охидын хүчирхийллийн эсрэг нүдээ нээхийг уриалж байна.

 

“Өгөх өдөр” хөдөлгөөн, “Лантуун дохио” төрийн бус байгууллага охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Хөдөлгөөнөөр хүчирхийллийн талаар долоо хоног шуугиад өнгөрөх бус нийгмийн сэтгэлзүйг өөрчилж, хууль журам бодлогын бодит өөрчлөлт хийх, хүн хүнээ хайрлах сэтгэлийг түгээх нөлөөллийн томоохон ажлуудыг хийхээр зорьж байгаа аж. Энэ удаа “Аав ба Охин” аяныг явуулж, хүчирхийллийн эсрэг санд хуримтлал бий болгох гэнэ. Энэ өдрөөс эхлэн “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөн эрчимжиж улс орон даяар, дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчуудыг хамруулж хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.

 

Аяны хүрээнд хүүхэд гэх нэг ч зүйл заалт ороогүй дэн буудлуудын хууль журманд өөрчлөлт оруулж, хяналтыг сайжруулах. Үүний тулд “Нүдээ нээ” найман удаагийн тайван жагсаалыг төлөвлөж бүх нийтийн гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний гурван жагсаалыг амжилттай зохион байгуулж, 1760 гарын үсэг цуглуулжээ. Мөн аяны хүрээнд дараах ажлыг хийх аж.

 

-Хүүхдийн төлөө амлалт өгсөн “Нүдээ нээ” тэмдэглэгээ бүхий газруудыг олноор бий болгож, хүчирхийлэлд өртөх эрсдэлд орсон охид бүсгүйчүүдийг хамгаалах, холбон зуучлах, анхны тусламж үзүүлэх цэгүүдтэй болгоход бүх нийтийг уриалга бий болгох.

 

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Ирээдүйн эцэг эх” болох өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох, гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг шатлалтай зохион байгуулах.

 

-Нийслэл, хөдөө орон нутгийн сэтгүүлчдэд хүүхдийн эрх, хүний наймаа, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг нийгэмд түгээх сайн муу үр дагаврын талаар сургалт зохион байгуулах юм байна.

 

Түүнчлэн “Нүдээ нээ” стикер, футболк зэрэг бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа бөгөөд тухайн мөнгийг хүчирхийллийн эсрэг санд хуримтлагдах юм байна.

 

Тухайн стикер, футболкийг нааж, өмссөнөөр хувь хүн, албан байгууллага  дараах гурван зүйлийг хийх аж.

 

-Хүүхдийн хүчирхийлэл, эрх зөрчигдсөн тохиолдолтой таарвал сохор хүн мэт зөрөх биш 108 утсанд дуудлага өгч мэдэгдэх, 102, 107 утсанд мэдээлэл өгнө.

 

-Сайн аав, сайн хөрш, сайн ах, эгч байхыг хүмүүст уриалж, нэг ч гэсэн хүнд энэ талаар нөлөөлнө.

 

Харин тухайн стикерийг наасан тээврийн хэрэгслийн жолооч

 

-Үргэлж суудлын бүсээ зүүх, бас тээвэрлэж яваа хүүхдээ суудлын бүсийг нь зүүлгэнэ.

 

-Хүүхдийг хүндэлж гарцан дээр тэднийг түрүүлж гаргана

 

-Шаардлагагүй тохиолдолд дуут дохиог хэрэглэхгүй байхыг хичээж, авто хөдөлгөөнд соёлтой оролцно

 

Харин нүдээ нээсэн зочид буудал нь

 

-Бага насны хүүхэд зочид буудалд орж ирсэн тохиолдолд түүний бичиг баримт, хууль ёсны харгалзагчийг заавал шалгаж сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаад мэдэгдэнэ

 

-Хяналтын камерыг 24 цагаар ажиллуулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлнэ

 

-Бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн мөлжлөг, гулгаа массаж, архи согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэхийн эсрэг тэмцэнэ

 

 

 

Р.Дулам

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ