Төрийн албан хаагчдыг урамшуулахыг буруутгах үндэслэл харагдахгүй байна

Ерөнхийлөгчийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын эсрэг тавьчихаад байгаа уран үг, толгой холболтын цуглуулга болсон хориг ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Хориг тавих нэгэн шалтгаан нь төрийн албан хаагчдад жил нэг удаа олгох 300.000 төгрөгийн нөхөн олговор. Харамсалтай нь ерөнхийлөгч төрийн албан хаагч буюу эгэл жирийн иргэдийн гарт очиж амьдралд нь багахан ч гэсэн дэмжлэг болох нөхөн олговорыг дэмжихгүй байгаад юм.
Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй гэж ирээд ихээхэн шүүмжилсэн. Өөрийг нь ялалтанд хүрэхэд хамгийн их нөлөөлсөн эгэл бор иргэдийнхээ төлөө энэ удаа улстөржилгүй өнгөрч болсонгүй бололтой.
Цалингийн зээл, тэтгэврийн зээлд өдөр бүр шаналж зээлээс зээлийн хооронд дутуу гачуугийн шаналалд явдаг төрийн албан хаагчдыг ойлгох сэтгэл дутав уу ерөнхийлөгчид.
Өнөөдөр хүүхдийн 20 мянган төгрөгийг хоног тоолон хүлээж суугаа хүмүүс ч байна. Ерөнхийлөгч таны тодотгон хэлсэн 30 гэр бүлийн нэг гишүүний өдрийн хоолны зардлаар бүтэн сар амьдрах хэсэг ч Монголд байна. Цалин нэмэх боломжгүй бол Төрийн албан хаагчдаа урамшуулахад буруу зүйл байгааг олж харахгүй байна. Хавтгайрсан халамжийн хувьд таны суусан парламент ч шийдвэр гарган, сонгуулийн өмнө тэрбум тэрбумаар цацсан түүхийг бичсэн хэвлэлийн хуудас шарлаагүй байна. Ард түмэн өрнөөс өрийн хооронд туйлдаж байна. Танаар цалингийн зээлээ төлүүлэхээр хүлээж суугаа төрийн албан хаагчид ч мянга мянгаараа байгааг мартаж болохгүй.
Мартаж болохгүй зүйл өнгөрсөн хугацаанд хангалттай олон бий. Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдсон эв нэгдлийн билэгдэл байдаг. Гэтэл эрхэм ерөнхийлөгч, Тамгын газрын дарга З.Энхболд нарын гаргаж буй үйлдэл, хуулийн үндэслэлгүй гүтгэлэг зэрэг нь Үндсэн хуулийн энэ суурь зарчимаа уландаа гишигсэн хэрэг болж байна.
С. Бямба
СЭТГЭГДЭЛ БИЧИХ