Нэрээ татчих, юунд нь чичирдэг юм, Ч.Хүрэлбаатар аа

Төсвийн байнгын хорооны хуралдаан гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 58 дугаар тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна.
Засгийн газрын гишүүдийг томилох асуудалд хэсэгчлэн хориг тавьсан асуудлаар ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулга хийв. Хоригт “УИХ-ын 58 дугаар тогтоолын Сангийн сайд Ч.Хүрэлбааатарыг томилсон хэсэгт Ерөнхийлөгч хориг тавьсан. Монгол Улсын дэд бүтэц, ашиг сонирхол, авлигаар бий болсон 30 гэр бүл хяналт, дарангуйлалт тогтоогоод байна. Ашигт малтмалын үр шимийг энэ 30 гэр бүл л хүртэж байдаг нь ил тод болсон.
30 гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон хэсэгт хориг тавьж байна. Багш, нар цалин тавихыг шаардаж байгаа. Харамсалтай нь Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатар энэ оны төсвийн тодотголд төрийн албан хаагчад нэг удаагийн нөхөн олговор олгохоор нийт 55 тэрбум төгрөг төсөвлөн баталсан. Багш, эмч нарт нэг удаагийн 300 мянган төгрөгийн нөхөн олговор биш сар бүр цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна” хэмээжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Ерөнхийлөгчийн хоригт 30 гэр бүл гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ерөнхийлөгч ийм хориг тавьж болохгүй. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэг удаагийн нөхөн олговорт 54 тэрбум төгрөг төсөвлөснийг хүлээн зөвшөөрөхгүй. Таны ах дүү нар уул уурхай, лицензтэй холбоотой Ч.Гансүх, Ч.Гантулга нар лицензээ Солонгосын компанид зарж, нийт гурван сая ам.доллар орж ирсэн баримттай байж байна. Сангийн сайд та яагаад үүнийг эсэргүүцээд байна вэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Эхний асуудал болох 55 тэрбум төгрөгийн тухайд гурван талт хэлэлцээр дээр тулгуурласан. Өмнөх Засгийн газрын өргөн барьсан төсөв дээр Төсвийн байнгын хороо санал гаргаж баталсан.
Би дахиад хэлье, Ч.Хүрэлбаатар болон манай гэр бүл Монголын ард түмний баялгаас нэг ширхэг ч эвдэрхий тэрэг, лицензийг өмнө нь болон одоо ч аваагүй.
2011 онд Алтангэрэл гэдэг хүн манай ах нараас мөнгө зээлж авсан. Ах нар маань гадаад дотоод худалдаа, барилгын бизнес эрхэлдэг. 2008 оны төгсгөлд Алтангэрэл гэдэг хүн шилжүүлж зээлж авсан. Энэ мөнгийг өгөлгүй хоёр жил явцгаасан. Зээлдэгч нь зээлсэн мөнгөө нэг жилийн дотор олгохоор гэрээнд заасныг мушгин зарсан.
Монголын ард түмний баялгийн өмч хувьчлалаас нэг ширхэг өнчин ишиг, эвдэрхий амбаарыг аваагүй. Газрын баялагтай холбоотой лиценз, улсын төсвийн тендэр концесс авч байгаагүй. Төрд нэг ширхэг ч төгрөгний дарамт учруулаагүй, тэрбум төгрөгийн татвар төлсөн.
-“Амора интернэшнл” компаниас танай ахын дансанд 3.4 тэрбум төгрөг оржээ. Үүнийг тайлбарлана уу?
-Би ЭХ-ний сайдаар 8 сар ажилласан. Хэрвээ аудитын дүгнэлт гарсан бол би шүүхэд өгнө. Хувь хүн, гэр бүлийг та гүтгэлээ. Хүнийг хамаагүй гүтгэж болохгүй. Би төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хүн, Мөнхбат аа. Тйим зүйл огт байхгүй.
УИХ-ын Тамгын газрын дарга З.Энхболд:
-Хориг дээр 30 гэр бүл гэж бичсэнийг хүмүүс шүүмжилж байна. 3312 лиценз байна. Хувь хүн лицензтэй байхыг 2006 онд хориглосон. Ж.Мөнхбат гишүүний асуугаад байгаа “Хотгор шанага” гэдэг компани хувьдаа 6 лицензтэй байна. Солонгосын компанид 3 биш 10 сая ам.доллараар худалдсан юм билээ.
2006 онд 16 ордыг стратегийн ордоор бүртгэсэн. Түүнээс хойш “Хотгор шанага” болон бусад нь орж ирээгүй. Тиймээс Засгийн газар дотор тэр үед уг лицензийг 10 сая ам.доллараар зарах асуудал явагдсан юм билээ. Байгалийн баялгаар бизнес хийдэг хүмүүсийг төрд байлгахыг болиулаач ээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-ЕТГ-ын дарга З.Энхболд гүтгэлгийн чанартай мэдээлэл хийж байна. Лиценз зарна гэдэг ойлголт миний болон манай гэр бүлгийн толгойд байхгүй. Та бүгд нягталж шалгаагүй худал мэдээллийг олон нийтэд хүргэхээ боль.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Ч.Хүрэлбаатар гишүүн ээ, та нэрээ татаж болохгүй юм уу. Танаас болоод манай намын нэг хүнд муухай харагдаад байна. "Хотгор шанага" гэдэг компанитай холбоотой аудитын дүгнэлтийг би хоёр хоногийн өмнө чуулганы танхимд ширээн дээрээ тавиад хулгайд алдсан. Гэхдээ надад нэг хувь нь байгаа. З.Энхболд даргын хувьд хуурамч бичиг баримт дэлгэдэг. "700 сая ам.долларын цаг зүүдэг" гээд. Харин энэ миний баримт хар дээр цагаанаар бичсэн. Үнэн баримт. Одоо та нэрээ татчих, юунд нь чичирдэг юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ