73524 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч болон бусад холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж байгаа юм байна.
Холбооны тэргүүн Б.Өлзийбат "Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжээд жил 10 сарыг үдэж байна. Энэ хуулийн зорилго бол цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 70,000 гаруй хүүхдийг харж, хандах хууль юм. Өнгөрсөн жил 5.8 тэрбумыг УИХ-д төсөвлөж 6 000 хүүхэд хамруулах ёстой гэдгийг баталсан. Гэтэл өнөөдөр 5275 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдаж, тогтмол 1025 ажлын байр бий болж, 10000 гаруй эцэг эх ажил хийх боломжтой болж байгаа юм. Энэ хуулийн талаар бид Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, ХНХ сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн байнгын хороо, УИХ-ын өргөдлийн байнгын хороодод шаардлага хүргүүлж байна” гэлээ.
Холбооны ажлын хэсгийн ахлагч Б.Мягмардорж "Монгол Улсын Хүний эрхийн хуулинд "хүн амьд явах, боловсрол эзэмших" эрхтэй гэж заасан байдаг. Гэвч одоогийн сайд, дарга нар эхний эрхийг халаад, хоёр дахийг нь илүүд үзээд байна. Учир нь 73 524 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөж байна. Үүнээс болж сард 15-17 хүүхэд ертөнцийн мөнх бусыг үзүүлэж байна. Түлэнхийн төвд гэхэд л очиж байгаа хүүхдүүд нь ихэвчлэн гэртээ харах хүнгүй, эсвэл насанд хүрээгүй хүүхдээр харуулснаас болсон байдаг. Үүнийг шийдэх гарц нь бидэнд байна. Жишээлбэл, бид жилийн хугацаанд 5.8 тэрбум төгрөгөөр 6 343 хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлсэн. Төр 80 тэрбум төгрөгөөр шийдэх асуудлыг Хүүхэд харагчид бид 5.8 тэрбум төгрөгөөр шийдэж төрд ирэх хүнд ачааллыг бууруулж байгаа хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг уриалж байна. Өмнөх Засгийн газрууд байнга хаана хавчина, эрхийг чинь хасна гэдэг байсан. Тиймээс одоогийн төр засаг бидэнтэй хамтарч ажиллаж Монголын ирээдүй болсон эдгээр 70 000 гаруй хүүхдийг аврахыг хүсэж байна" гэсэн юм.
Тэд Засгийн газраас дараах зүйлийг шаардаж байна
-Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх хуулийг олон нийтэд зөв ойлгуулж, хүүхэд хамгаалал, соён гэгээрүүлэх ажлыг онцгойлон анхаарч ажиллах
-2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Удирдлага зохион байгуулалт, санхүүжилтыг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдаас боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан тус яамдын сайд нар цаашид ямар бодлого барьж ажиллах талаар уулзалт хийх. Мөн хуулийн хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан хамтарсан ажлын хэсэг байгуулах
-73524 цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд нийгмийн хамгаалал, эрүүл аюулгүй орчинд байх боломжийг олгож 2018 онд төсөвлөсөн төсвийг цаашид нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ